Н.Алтанхуяг: Ардчилсан нам хэрсүүжсэн

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Ардчилсан нам хэрсүүжсэн

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг байгуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтрах болсоноо зарлалаа. Яагаад “Шударга ёс” эсвэл гэж. Зарим хүмүүс танай намын шийдвэрийг хачирхан хүлээн авч байх шиг. Ардчилсан нам  доошоо орлоо гэх ч юм уу эсвэл ар хударгаараа хутга шаалгуулах нь ээ гэх шүүмжлэл ч сонсогдож байна.  Тэгэхээр УИХ-д олон суудал авсан Ардчилсан нам  МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах үндэслэл нь юу байсан юм бэ?

-УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэн нэгэнтээ сонголтоо хийсэн учраас Ардчилсан нам ойрын дөрвөн жилд өөрсдийн бодлого үйл ажиллагаагаа эрчимтэй, хүчтэй явуулах ёстой. Ардчилсан намын бодлого нь өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах тэр улстөрийн хүчин хэн бэ гэдгийг нэн тэргүүнд бодолцсон.  Өнөөдрийн байдлаар үүний төлөө хамтарч ажиллах санал тавчихаад байгаа субьект нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Наадмын дараа манай нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах эсэхээ эцэслэн шийдвэрлэнэ. Би бол эл эвсэлтэй хамтарч Засаг байгуулахад Ардчилсан намын хувьд УИХ-ын 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоо бүрдэнэ гэж харж байгаа.

-Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүд тангараг өргөхийн өмнө МАН-ын дарга С.Батболд “Ардчилсан намтай хамтарч Засгийн газарт ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн. Танай хоёр нам өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаад, хийсэн зүйлүүд багагүй. Тэр ажлуудаа үргэлжлүүлээд явах байх гэсэн хүлээлт их байсан байх. Ялангуяа МАН-ынханд?

-Процедурын хувьд “Шударга ёс” эвсэлд энэ саналыг тавиад хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх чиглэлээр эхлээд ажиллана. Яагаад зөвхөн “Шударга ёс” эвсэл гэж хараад байна вэ гэж бодож байгаа байх, сонгуулийн компанит ажлын үед, тэрний өмнө Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийг ард түмнээрээ хэлэлцүүлээд “Иргэдээ ажилтай, орлоготой болгож, авлига хээл хахуультай  тэмцэж, шударга ёсыг нийгэмд тогтооно” гэж хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийг хамтран хэрэгжүүлж чадах хүчинтэй бид эвсэж, Засгийн газрыг байгуулах шаардлага тулгарч байгаа учраас л “Шударга ёс” эвсэлтэй хамтрах нь зөв гарц гэж харж байгаа л даа. Гол нь эцсийн шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хорооны 200 гаруй гишүүд маань гаргана. Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний олонхи нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тавьсан хүсэлтийг хүлээж авбал бид хамтраад л Засгийн газраа байгуулах ажилд орох ёстой.  

-Хамтрах асуудал нэгэнтээ хөндөгдсөн учраас тодорхой саналууд яригдсан болов уу. Тухайлбал, тэр тэр яамны сайдыг манай эвслээс томилох ёстой гэдэг ч юм уу, тийм тодорхой асуудлыг “Шударга ёс” эвслээс тавьсан уу. Тодруулбал, шинээр байгуулах?

-Засгийн газрыг хамтарч байгуулах чиглэлээр Монголын улстөр нэлээн туршлага хуримтлуулчихлаа. Жишээлбэл, 2004 он, 2008 оныг харвал. Бидний хувьд гол нь хамтарч хийх ажлаа маш сайн тохирох ёстой юм билээ. Яг юуг хийх юм бэ, хэн нь ямар үүрэг хүлээх юм бэ гэдгээ маш тодорхой болгох нь чухал. Дээр нь жижиг, сажиг зүйлээр бие биенээ өөлөөд татаж унагаад байхааргүй, тогтвортой ажиллах тэр нөхцөл боломжоо бид ярилцах учиртай. Гол зүйл бол дахин дахин хэлээд байгаа Монгол иргэдээ ажилтай, орлоготой болгох, хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох энэнд л итгэл үнэмшилтэй хандаж хамтарч ажиллаж, хийж чадна, болно бүтнэ, урт удаан хугацаанд хамтарч Засгийн газартаа ажиллах нь чухал байгаа. Энэ бүхнийг харж л Засгийн газар байгуулах асуудлыг хоёр талдаа ярилцаж байна даа.

-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам олонхи болсон ч Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээнд хүрч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг яаралтай зарлаж, намын дарга хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой хэмээн УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй гишүүд мэдэгдэх боллоо. Намын дарга та үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал наадмын дараа зарлагдана. Сонгуулийн үр дүнг өөр, өөрөөр харж байгаа янз бүрийн санаа бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй, гэхдээ бид дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Чоно, туулай хоёрын онигоо байдгийг мэддэг л байх. Туулай нэг удаа малгай өмсчихсөн явж байсан чинь чоно тааралдаад “Чи муу туулай наашаа хүрээд ир, яах гэж малгай өмсөөд явж байгаан” гээд зодчихдог. Маргааш нь чоныг харангуутаа туулай өмсч явсан малгайгаа авчихсан чинь чоно “Чи муу яахаараа малгайгүй явж байдаг юм бэ” гээд бас зодчихсон. Ямар ч зүйлд өө сэв гэж бий. Тэр өө сэвийг байнга олж харвал мэдээж асуудал үүснэ. Тэгэхдээ өнөөдөртөө Ардчилсан намд олон түмэн итгэл өглөө. Ардчилсан нам бол энэ итгэлээр тоглох учиргүй, эрийн цээнд хүрсэн нам болохоо харуулах ёстой.  Гол нь манай намыг тэртээх 1996 онд бужигнаж байсан шигээ бужигнана гэж олон хүн төсөөлж, олон хүчнүүд сонирхож байх шиг байгаа юм. Тэрэнд нь би “Үгүй ээ” гэдэг ганц хариултыг манай Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гишүүд маань өгч чадна гэдэгт эргэлзэхгүй болсон. Нэг зүйлийг хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэчнээн удаа хуралдсан билээ, хэчнээн хүний хамраас цус гаргах бол гэж улстөрийн хүчнүүд хүлээв. Тэр үед бүх зүйл эерэгээр болж өнгөрч байсан. Тийм учраас одоогийн Ардчилсан намыг нялхсын өвчинд нэрвэгдэж байсан үетэй нь дахин дахин харьцуулж юм уу, санагалзуулж ярих шаардлагагүй болсон. Одоо бол Ардчилсан нам хэрсүүжсэн, ард түмэн энэ чанарыг хараад итгэл хүлээлгэж байгаа, энэ итгэлийг даагаад явах зиндааны чадалтай улстөрийн хүчин болж чадсан учраас гурван ч сонгуульд ард түмэн бид бүхнийг дэмжлээ, яллаа. Одоо ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах том даалгавар биднийг хүлээж байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигын хэргээр шалгагдаж байгаад батлан даалтад гарсан. Удахгүй энэ сарын 18-нд Сүхбаатар дүүрэгт шүүх хурал нь болно. Хэдийгээр та авлига хээл хахуультай тэмцэж чадах намтай хамтарна гэж байгаа боловч, авлигын “загалмайлсан эцэг” гэж нэрлэгддэг хүний удирддаг намтай эвсэж Засгийн газар байгуулна гэх нь танай намын  бодлоготой нийцэж байгаа зүйл үү, тэгээд?

-Бидний хувьд тодорхой хэмжээгээр хоёр нам нийлсэн эвсэлтэй энэ асуудлыг ярьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэн нэг хүний тухай яриагүй. Ялангуяа эвслийн нэр нь “Шударга ёс” нэртэй, тэгэхээр энэ чиглэлээр тодорхой асуудлууд дээр санал нэгдэж ажиллана гэж найдаж байгаа.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх сонгуульд олонхи болж чаадагүйнхээ хариуцлагыг хүлээгээд огцорлоо. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга харин хэзээ хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал босч ирээд байна?

-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд гавьяа хүлээж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд би Д.Эрдэнэбат даргатайгаа хамтраад ажиллалаа. Үнэндээ бол намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил гэдэг бол нүсэр хүнд ажил.  Энэхүү хүнд амаргүй ажлыг амжилттай хашиж, бүх зүйлд хамтран нэг зүйлийн төлөө зорьж, зүтгэж ирсний дүнд өнөөдрийн Ардчилсан намыг нийслэлийн төвшинд ялалт байгуулж, УИХ-ын сонгуульд олонхи болгож, Ерөнхийлөгчийн сонгуулийг бас хамтран зохион байгуулж олон, олон ялалтад хүргэж, энэ ажлыг гардан зохион байгуулж ирсэнд нь ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбатдаа баяр хүргээд явж байгаа. Үүнийг УИХ-ын гишүүн болоод явж байгаа У.Хүрэлсүхтэй адилтгаж болохгүй. Хоёр өөр асуудал юм шүү.

-Тэгвэл ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэзээ энэ албаа бусдад шилжүүлэх вэ. Хуулиараа УИХ-ын гишүүн болсон нөхцөлд ерөнхий нарийн бичгийн дарга чөлөөлөгдөх ёстой байх аа?

-Д.Эрдэнэбат даргын хувьд ерөнхий нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гаргаж өгсөн. Энэ асуудлыг бид удахгүй эцэслэн шийдвэрлэнэ.

-Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд парламентад олонхи болсон нам нь УИХ-ын даргад гишүүнээ нэр дэвшүүлэх ёстой. Танай нам УИХ-ын даргаа хэзээ санал болгох вэ?

-За байз, өнөөдөр есөн, маргааш 10-н гээд наадам ч бас их олон өдөр үргэлжлэх төлөвтэй байх шиг байна.  Тийм учраас долдугаар сарын 16-наас эхэлж энэ ажил маань их шуурхай явах болов уу гэж бодож байна.  

-Засгийн газрын хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас урьтаад Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих гэх мэтчлэн нууц байсан зүйлүүдийг нэлээд баталж, хууль зөрчиж байна гэдэг мэдээлэл бий. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ. Танай нам Засгийн газраа байгуулсан нөхцөлд эдгээр асуудлыг яах вэ?

-Ер нь хуулиар тогтоогоогүй, төсвийн хуулиар заагаагүй, бусад олон асуудлыг Засгийн газар яаран сандран шийдэж байгаа асуудлууд бий. Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандан “Та бүхэн ямар асуудал шийдвэрлээд байна вэ. Түүнийгээ цаасаар өг” гэсэн хараахан ирээгүй байна. Сонин хэвлэлд гарсан мэдээллийг харвал төсөвт суугаагүй, хөрөнгө нь байхгүй маш олон асуудлыг шийдвэрлэсэн байна билээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас тун удахгүй Засгийн газар байгуулагдсанаар хүчингүй болох тийм зүйлс гэж л хэлэх байна даа. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж