Нэг тийрэлтээр л гудамжнаас шууд саарал ордонд заларсан түүнийг амжилтыг дахиад хэн ч эвдэхгүй болохоор тэр Монголдоо л рекорд тогтоочихов. Өөрөө ч гудамжнаас үсрээд өнгө, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүсээд ч орж чаддаггүй тэр өргөөнд морилно гэж санаагүй байх л даа. Хэрвээ З.Баянсэлэнгэ тойрогт өрсөлдсөн бол тодорч гарч ирэх нь юу л бол. Тоосонд дарагдаад тээр холоо шидэгдсэн биз. Харин жагсаалтад бичигдсэн түүнийг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй хүмүүс намд нь саналаа өгсөн нь түүнд боломж олдож, тормойгоод гараад ирсэн хэрэг шүү дээ.
Нэг ч рекламны самбарт төлбөртэйгээр зургаа тавиулаагүй, нэг зоос ч сонгуульд зарцуулалгүйгээр УИХ болчихсон энэ бүсгүй оны онцгой азтан байлгүй яахав. Нэг удаа ч ядаж тойргоороо гүйж, нэг хүнтэй гар бариад өөрийгөө сурталчилалгүйгээр ийм өндөрт үсэрсэн хүн ингэхэд манай парламтентэд байсангүй. Түүнийг монголчууд танихгүй. Хэн бэ гэдгийг нь ч мэдэхгүй. Хэрэг бүртгэгч байгаад эвгүйхэн асуудлаар ажлаасаа халагдчихсан юм л гэсэн сураг сонсогдонолээ. Тэр монголчуудад танигдахаар юу ч хийгээгүй. Харин намын даргадаа бол танигдсан байх л даа. Тэгээд л жагсаалтын дөрөвт бичигдээ байлгүй. Н.Энхбаярын төлөө хэдэн хоног өлсөөд л, өлснийхөө шанг УИХ-ын гишүүний эрхээр мялаачихсан ийм эмэгтэй цаашлаад яаж үсрэхийг нь хэн мэдэх вэ. Үр хүүхдээ хаян барин өлссөн түүний хэрэг өнөөдөр ийн гарч байна даа. Зарим нэг хүн З.Баянсэлэнгийн оронд Баасан авгай ч байсан яахав дээ. Ядаж нэг хүний төлөө өлсөөгүй, нэжгээд хөгшний төлөө жагсч явсан хүн шүү дээ хэмээн халаглаж сууна. Гэхдээ ийм л азтай бүсгүйгээр төр түшүүлсэн монголчууд дэндүү азтай байх байлгүй, яав гэж.
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэх чинь билээ. Энэ азтай бүсгүйн дотор илүү их мөрөөдөл байгаа ч юм билүү хэн мэдлээ.
Хорооны засаг даргын суудалд шигдэх гээд бараагүй түүнийг мянгатын дарга бүр УИХ-ын гишүүн болно гэж Монголын хамгийн мундаг үзмэрч ч хэлж чадахгүй байсан байх. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино оо гэж үүнийг л хэлэх байх даа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж. Хи хи хи.