Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч бороотой байхыг ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж буй. Онцгойнхон ч учирч болзошгүй үеэр, гамшгаас сэргийлэхийг иргэдэд сануулж байна. Бороо оронгуут л нийслэл хот байгалийн үзэгдлийн өмнө барьц алддаг болоод удаж буй. Зам засч байгаа нь борооны ус зайлуулах шугам татахаа умартаж, засуулж байгаа нь ажлаа шалгадаггүйн бодит жишээ шалбааган далай. Зам гарч болохгүй, явган хүний зам гээд байх зүйлгүй, байгаа хэд нь борооны ус тогтож ёстой л шавхайтай усаар туучиж зусч байгаа нь олон иргэдийг бухимдуулж байна. Борооноос үүдэлтэй энэ асуудлаас болж нийслэлчүүдэд нэг бол харайж сурах нэг бол усны гуталтай байнга явах шаардлага тулгараад байгаа гэхэд дэгсдэхгүй. Жилийн жилд нийслэл хот шинээр зам тавьж, хуучныгаа засч янзалдаг. Гэвч харамсалтай нь замд тогтдог бичил цөөрмийн асуудал ер шийдэгдсэнгүй. Олон зуун тэрбум төгрөгийг замд зарцуулдаг ч олигтойхон ажил болж чаддаггүй. Ус зайлуулах шугамтай зам Улаанбаатарт ховор доо ховор. Хамгийн сүлийн жишээ гэхэд, өнгөрсөн жил олон сараар Дарь-Эхийн чиглэлийн иргэдийг бухимдуулж барьсан зам нь өнөөдөр усан далай болчихсон, айлын хашаа руу ус нь орж, машинууд хөвсөөр л явж байна лээ. Худлаа гэвэл очоод хараарай. Ус зайлуулах шугамтай, замын хажуугийн боржур нь шинэ технологи гээд магтаад байсан зам нь өнөөдөр ямар байдалтай байгааг хур бороо шалгачихсан. Шалгалтад харин бүдэрчихлээ.
Энэ мэт нийслэлд бороо орсны дараа хүн, машин гэлтгүй урсах, эндэж осолдох тохиолдол гардаг. Бүр уламжлал болсон ч юм шиг иргэд нь уртын харайлтын мастер зэрэгтэй болж, жолооч нар нь ур чадварын шалгалтанд 100 оноо авах хэмжээнд хүрч байна. Үнэнийг хэлэхэд, жолооч нар траншейн, замын нүхэнд машинаа эвдэлж, явган зорчигч нь бэртэж гэмтэх тохиолдолд олон гардаг. Нийслэлд бороо орсны дараа хаана инженерийн шугам сvлжээний худаг байгаа эсэхийг мэдэхийн аргагүй замууд усан бvрхvvлээр хучигддаг нь араасаа олон, олон эрсдлийг дагуулдаг байна.
Улаанбаатар хотод 1960-аад оноос эхлэн үерийн хамгаалалтын барилга байгууламжууд баригдаж эхэлсэн байдаг. Үүнээс хойшхи үерийн хамгаалалтын далан, сувгийн нийт урт 130 орчим км бөгөөд янз бүрийн хийц зохиомжтой, өөр өөр хугацаанд барьж байгуулсан байдаг аж. Гэхдээ үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ихэнх нь хотын барилгажсан суурьшлын бvсүүдэд оршдог юм байна. Гэвч нийслэлийн төв хэсэгт тэр дундаа машин замын хотгор хэсгээр ус тогтох явдал ч байсаар байна. Хэдийгээр сүүлийн үед шинээр засч, хийж буй замуудад борооны ус зайлуулах шугам тавьж байгаа гэх ч эдгээр нь санаанд хүртэл сайн ажиллахгүй хэл ам дагуулсан хэвээр байгаа юм.
Нийслэлд борооны ус асар ихээр тунадаг газрууд ч бий. Халдварт євчин судлалын үндэсний төвийн урд талд буюу Нарантуул зах руу явдаг зам, Хөгжим бүжгийн коллежийн урдах зам болон 13 дугаар хороололд байрлах 84 дүгээр сургуулийн урдах зам, 13-р хорооллоос кино үйлдвэрийг чиглэх зам зэргийг дурдаж болно. Эдгээр газарт зарим vед суудлын хүн явахын аргагүйгээр ус тогтож, хүмүүс зам туулах гэж нэгнийгээ үүрч яваад усанд унах, усан дор харагдахгүй байгаа хог шороонд хөлөө гэмтээх,ухсан нүхэнд унаж гэмтэхээс эхлээд эрсдэл цөөнгүй. Зарим тогтоол ус нь үнэр орж, орчин тойрондоо эвгүй үнэр ханхлуулж байгаа жишээг ч дурдаж болох юм. Тэгэхээр замын ус зайлуулагчгүй нийслэлд нэг л мэдэхэд тэр чигээрээр усанд автах вий дээ.