Н.Алтанхуягийн мэдэгдэл Ардчилсан намын байр суурь уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн мэдэгдэл Ардчилсан намын байр суурь уу?

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах талаар ярилцаж байгаа гэж мэдэгдлээ.

Сонгуулиас хойш нийгэмд хүлээлт болон хэлэлцүүлэг үүсгээд байсан хамгийн чухал асуултын хариуг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тун гэнэтийн байдлаар ийнхүү өглөө. Юуны өмнө Ардчилсан намын эрх бүхий байгууллага хуралдан хэлэлцэж байж энэхүү асуудлаар хариулт өгөх нь зүй ёсны болов уу гэж харж байсан ажиглагчдад Н.Алтанхуягийн дээрх мессеж тун гэнэтийн санагдаж байна. Намын дарга ийм мэдэгдэл хийсэн нь давхар агуулгатай бололтой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Н.Энхбаяртай засагт хамтрана гэдэг  хувилбарыг олон нийт болон намын масс хэрхэн хүлээж авах нь вэ гэдгийг тандах зорилгоор ийм мэдээллийг зориуд цацсан байх талтай юм. Тэгвэл Ардчилсан намын бусад фракциуд “Н.Алтанхуяг намын дарга ч гэлээ ийм асуудлаар намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхгүй” гэж үзэж байна.

Засгийн газар байгуулах, хэнтэй хамтрах зэргийг ярихаас өмнө Ардчилсан нам сонгуульд хэр дүн үзүүлснээ дүгнэж, намын дарга, удирдлагуудын бүрэн эрхийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй гишүүд, фракциуд олон бий. Энэ нь юу гэсэн үг болохыг Н.Алтанхуяг уг нь юун түрүүнд ойлгож байгаа. Сонгуулийн үр дүнгээр олонх болж чадаагүйн хариуцлагыг хүлээхгүйгээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод цааш явах нь шударга ёсны зарчимд нийцэх үү, бат бөх Засгийн газар бүрдэж чадах уу гэсэн хэлэлцүүлэг нэгэнт эхэлчихээд байгааг үл анзаарагч болж, асуудлыг өөрийнхөөрөө яаран шийдээд байх нь хэр ахицтай тактик бол?!

Сонгуулийн дүн гарснаас хойш Н.Алтанхуягийн хувьд гэнэтийн гэмээр хоёр дахь мэдэгдлээ хийгээд буй нь энэ. Эхнийх нь, би Ерөнхий сайд болно, хамгийн түрүүнд Хөдөлмөрийн яам байгуулна гэдэг мэдэгдэл байсан бол хоёр дахь нь МАХН-тай эвсэх тухай өчигдрийн мэдэгдэл. Нам дотор нь үүсээд буй хүлээлттэй төдий л нийцгүй эдгээр мэдэгдлүүдээ тэрбээр нэг зүйлээр зөвтгөж байгаа нь Ардчилсан намын эв нэгдэл, тогтвортой байдал юм. Өөрөөр хэлбэл, 1996 онд олонх болсон үеийнх шигээ намын дарга, Засгийн газраа олон дахин солихгүй юм шүү гэдэг мессежийг тэрбээр сануулж буй хэрэг. Энэ бол Ардчилсан намын хувьд хамгийн том сургамж, зүрх зоригтой хэн ч байлаа гэсэн эс тоож зүрхлэмгүй сургамжийн нэг. Гэхдээ энэ удаад Н.Алтанхуяг дарга үнэхээр намын эв нэгдэл, Засгийн газрын ирээдүйг бодож буй бол юуны өмнө намын хамтын шийдвэрийг хүлээх хэрэгтэй байсан болов уу.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж