”Илжиг”-ний уралдаан

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

”Илжиг”-ний уралдаан

Наадмаар гаршсан хоёр сүүлчийн найруулгаа хүртээл болголоо. Таалан соёрх. Авах ч юм байна, алган боов өгчихмөөр ч юм харагдана. Урьдаад авчихмаарыг нь онцлоё. Юутай ч бөхчүүдийн найраа багасах нь. Ам авах бөхийг зарласнаас хойш таван минутын дотор амжиж амаа авахгүй бол дараагийн эрэмбийн бөх ам авахаар болжээ. Ингэснээр нэг бол эртнээс сайтар бэлтгэж найраа хийх болж байна. Эсвэл эр бяраараа цолонд хүрэх нь. Хурдтай нэгэн нь таван минутад амжих “хороо” найруулах нь. Энэ ч бараг л боломжгүй. Наадамчдын нүдний өмнө найраагаа хийвэл Б.Хурц гэж жигтэйхэн нөхөр дурандаад сууж байгаа шүү, концертоо дуусгав. Тийм гоомой юм хийв дээ. Юутай ч наадамчид жинхэнэ барилдаан үзэх боломж нэгээр нэмэгдлээ. Алга ташья.

Үүгээр авахаар зүйл дуусч байна

Жилээс жилд наадмыг дордуулж ирсэн М.Энхболд, Ц.Болдсайхан нарын уламжлал үргэлжилж байна. Тэднийхээр яваандаа наадмаар илжиг, эсвэл алаг даахай уралдуулдаг болж мэдэх л юм. Энэ удаад арай л одой морь уралдуулна гэчихсэнгүй. Гэчихсэнгүй гэж бараг л гэсэн дээ. Энэ нь эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулсан явдал. Өөчилсөн журмаар нь их насны морины сэрвээний өндөр 140 см, азарга, соёолонгийн 138 см, хязаалан 135, шүдлэн 130, дааганых 125 см байхаар тогтжээ. Өмнөх журамд нь ойролцоогоор нэгээс хоёр см илүү байсан юм. Монгол адуу жилийн дотор жижгэрсэн учраас багасгасан бололтой. Дээр нь соёолонгоос доош насны адууны урд шилбэний өндрийг тогтоож өгчээ. Түүгээр нь бол монгол хязаалангийн урд шилбэний өндөр 90, шүдлэнгийнх 80-85, дааганых 80 см байхаар зааж. Инээдэмтэй байгаа биз. Ингэх болсон шалтгаан нь “Сүүлийн үед хийсэн судалгаагаар бага насны адуу эрлийзжиж, өндөр болж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарласан” гэж Засгийн газраас мэдээлсэн байна лээ. Мэргэжилтэн гэдэг нь М.Энхболд, Ц.Болдсайхан биш л байгаасай?!

Монголчууд хятадуудтай суухгүй гэдэг шигээ наадмын комиссынхон харийн азарганд гүүгээ гишгүүлэхгүй гэж байгаа аж. 

Гүүгээ гишгүүлэхгүй монгол төлөвлөгөө…

Иймэрхүү утгатай юм хэлээд байгаа юм. Эмс садарлавал үндэстэн мөхнө гэх нь холгүй явна. Ер нь эрлийз адууг хавчих яриаг 2000-аад онд анх гаргасан хүн нь тод манлай уяач Д.Даваахүү. Уг нь тэрээр 1970-аад оноос Оросын Будённый үүлдрийн морин тойруулгын томсог адууг тэжээж 20 гаруй түрүү, 40 гаруй айраг авсан хүн. Тухайн үед бие давжаа, ачлага, уналаганы зориулалтаар л ашиглаж ирсэн монгол адууг тойруулгын томсогтой уралдуулах нь хүч тэнцвэргүй тулаан. Эксель, бенз хоёртой адилтгаж болох юм. Тиймдээ ч тэрээр тод манлай уяач болтлоо олон түрүүг авч. Тухайн үед уяачид энэ талаар гомдоллодог байсан ч унасан бөхөд шалтаг мундахгүйн үлгэр л болж байв. Тэгвэл яагаад эрлийз адууг наадмын уралдаанд оруулж ирсэн хүн үүний эсрэг санаачлага гаргах вэ гэж үү. Шалтгаан нь их энгийн. 2000-аад оны эхээр Араб, Англиас цэвэр уралдааны чиглэлээр гаргаж авсан үүлдрийн адууг оруулж ирэх болжээ. Энэ адуунууд Оросын хольцтой адуунаас ч илүү хурдан, шандас сайтай.

Учир нь цэвэр цусны, уралдааны зориулалттай. Тиймээс мань хүн эсэргүүцэх нь дамжиггүй. Үүнийг нь улстөрчид гарамгай шүүрч авч. Уяачаараа дуудуулах болсон улстөрчид санал авахын тулд түүний санааг дэмжиж. Учир нь хөдөөгийн жирийн уяачдад эрлийз адуу авах мөнгө байхгүй. Тиймээс тэд салхи шиг хурдан эрлийз адуутай монгол адуугаа уралдуулах сонирхолгүй гэсэн үг. Энийг нь улстөрчид дэмжээд өгвөл сонгуулиар саналыг нь авах нэг том хүчин зүйл болно. Ердөө л энэ. Ийм л энгийн шалтгаантай. Уг нь  монгол адууг цус холих замаар хөгжүүлж, сайжруулан, өндөр үүлдрийн адуу гаргах нь зайлшгүй шаардлагатай зүйл. Гэтэл үүний эсрэг монгол адуу жижиг байх ёстой. Том бол эрлийз. Эрлийзийг уралдуулахгүй гэдэг нь угаасаа утгагүй ойлголт. Хөгжлийн эсрэг явдал болно.

Дэлхийд дансгүй монгол адуу…

Дэлхий дээр 60 сая гаруй толгой адуу бий. Харин монгол гурван сая орчим адуутай. Дэлхийн хорин адуу тутмын нэг нь монгол адуу гэсэн үг. Гэсэн хэрнээ монгол адуу гэсэн бүртгэл дэлхийд байхгүй. Энэ нь нөгөөх л үеэ элээсэн утгагүй ойлголттой холбоотой. Монгол адууг хурдан адуутай нийлүүлж дундаас нь сайн үүлдрийн адуу гаргаж аван дэлхийд бүртгүүлэх ёстой хүмүүс ажлаа хийдэггүйгээс монгол адууг дэлхий бүртгээгүй гэсэн ч болно. Уг нь бол гурван сая адуунаас тодорхой хувийг нь сайжруулж, монгол гэх тодотголтой үүлдрийн адуу бий болгож болно. Хэрэв ингэвэл дуунд мөнхөлж, дов, толгод дээр хөшөө босгохоос ч илүү ач холбогдолтой нь гарцаагүй. Гэтэл мөнөөх л хөгийн улстөрчдөөс болоод энэ ажил хийгдэж байсангүй.

“Илжиг”-ний стандартад нийцэх даага олдохгүй байна…

Яаж ч бодсон энэ асуулт гарч ирнэ. Наадам, уралдааны гол зорилго нь ч тэр. Хамгийн хурдан, хүчтэйг нь шалгаруулахад эцсийн зорилго оршиж буй гэдгийг мартаж болохгүй. Гэтэл наадмын комисс үүнийг эсрэг журам баталж байна. Илүү хурдтай хүлгийг оролцуулдаггүй гэж. Удаан шалгуурт нь нийцсэн хурдан хүлэг олдохгүй нь. Уяачидтай уулзахад, уяж байгаа даагад нь хэлээд буй журамд  заасанчилан 125-аас доош сэрвээтэй даага олдохгүй байгаа гэнэ. Мэдээж уяач хүн өргөн ташаа, өндөр сэрвээтэй хүлгээ л уяана шүү дээ. Гэтэл наадмын комиссынхнын батлуулсан журам түүний эсрэг. Хурдан бус удаан моринд тохирох стандарт баталсан байгаа юм. Түүнд нь луус л тохирох бололтой. Аливаа спортод доод тал нь түүнээс дээш байх ёстой гэдэг шаардлага тавьдаг бол манай наадмын комиссынхон дээд хязгаарыг тогтоож байна. Тэр нь хамгийн доод төвшнийх шүү. Замын ачаалал ихтэй учраас зориуд удаан морьны уралдаан хийнэ гээгүй байгаа даа.    

Жилийн жилд л эхэнд нэрийг нь дурдсан хоёр “Морь уралдуулах гэхээр будилаантах гээд байна” гэсээр баахан мөнгө төсөвлөж хоёр, гурван хоногийн настай хашаа бариулдаг байсан бол одоо хурдан морины уралдааныг луусных, ирэх жилээс илжигнийх болгож хувиргах нь. Золоор дараа жилээс наадмаар гаршсан хоёр наадмын комисст байхгүй байна л гэж найдахаас…

Татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн дарга, улстөрчдийг баясгах, тэдний эрх ашигт нийцүүлэх гэж л наадам хийдэг болчихож. Ингэж биччихээд “сайхан наадаарай”-гаар төгсгөвөл доромжилсон болох байх. Сайхан наадуулаарай.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж