Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбар энэ сарын 5-наас эхлэн дөрөв хоног худалдаанд гарсан ч өнөөдөр 17.00 цаг гэхэд хэдийнээ дууссан байлаа.
Наадмын тасалбарыг зөвхөн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний тасалбар борлуулах цэгээр худалдаалсан бөгөөд иргэдийн эрэлт их байсан учир урт дараалал үүсэн дугаарлаж байсан юм. Гэхдээ нэг хүнд дөрвөөс илүү тасалбар борлуулахгүй байв.
Сонирхуулахад, наадмын нээлт буюу энэ сарын 11-ний өдрийн тасалбар 8000-12000, 12-ны өдрийн бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000, үдээс хойшхи нь 6000-9000 төгрөгөөр борлуулагдаж байсан бол шөвгийн барилдааны болон хаалтын ёслолын тасалбар 6000-9000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин гадаадын иргэнд 25 ам.доллараа баяр наадам үзэх тасалбарыг борлуулсан юм.
Г.Даша