Монгол Улс нээлттэй оролцоотой нийгмийг эрхэмлэдэг

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Монгол Улс нээлттэй оролцоотой нийгмийг эрхэмлэдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой хамт “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга”-д өнөөдөр оролцон баяр хүргэж үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсэн ерөөе.  

Та бүхний дэлхийн энх тайван, эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын өндрөөр үнэлдэг. Энэ чуулганы үеэр чухал сэдвүүд хөндөгдөж тодорхой зорилт бүхий үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж байгаад бид бүгд баяртай байна.

Монгол Улс, манай улсын Засгийн газар, бид бүхэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох болно. Зөвхөн Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд хандан дэвшүүлж та бүхний баталж байгаа хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй оролцоно. Яагаад гэвэл Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа юм гэдгийг энд онцолж хэлье.

Монгол Улс ардчиллын тулгуур зарчим болох хүний эрх, хуулийн тэгш хэрэгжилт, нээлттэй оролцоотой нийгмийг эрхэмлэдэг. Эмэгтэйчүүдийн асуудал бол соёлын юм уу, аль нэг улс орны тухайн онцлогийн асуудал биш юм. Эмэгтэйчүүдийн асуудал бол хүний эрхийн асуудал. Эмэгтэйчүүдийн асуудал бол шударга ёстой холбоотой иргэний оролцоотой холбогдсон асуудал юм. Эмэгтэйчүүдийн оролцоог хангасан нийгэм тогтвортой, хүнлэг, ардчилсан байж чаддаг.

Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь хардаг. Эмэгтэйчүүд тухайн нийгэмд байгаа эрх мэдэлтэй, өмч хөрөнгөтэй хэсгийг төдийгүй хамгийн их халамж шаардлагатай байгаа, энэрэл шаардлагатай байгаа тэр хүүхдүүдийг, ахмадуудыг харж чаддаг. Нийгмийн асуудлуудыг бүхлээр нь харж чаддаг учраас эмэгтэйчүүдийг бид дэмжих ёстой.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд үүргийн хариуцлагын өндөр мэдрэмжтэй байдаг. Өөрт ногдсон эрх, нийтийн баялгийг хуваалцах чадвар эмэгтэйчүүдэд илүү байдаг гэж би боддог юм. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд “Гэрийн ажилдаа түүртэхгүй байгаа эмэгтэй хүн бол төрийн ажилд түүртэхгүй” гэж би хэлж чадна гэдгийг энд хэлье.

Саяхан Монгол Улс зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулиа хийлээ. Энэ УИХ-ын сонгуульд бид иж бүрэн техникийг ашиглалаа. Хүмүүс муу зүйл хийдэг. Харин техник муу зүйл хийдэг гэвэл би итгэхгүй. Тиймээс саяын УИХ-ын сонгуулиар сонгогдсон бүрэлдэхүүн бол манай ард түмний хүсэл тэмүүллийн бодит илэрхийлэл болж чадсан гэж үнэхээр итгэж байгаа. Үнэхээр сонголтын дүн ч харуулж байгаа. Өмнө нь УИХ-ын 76 гишүүнээс гуравхан нь эмэгтэй байсан бол шинэ парламент одоо 9 эмэгтэй гишүүнтэй болж, тангаргаа өргөн ажилдаа орлоо гэдгийг энд хэлэхэд таатай байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон монголд тэргүүн хатагтай байхдаа хүрэлцэн ирж байсныг бид их сайн санаж байна. Манай эмэгтэйчүүдэд маш их дэмжлэг үзүүлж, монголын ардчилалд болон хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан тийм айлчлал байсныг хэлэхийг хүсэж байна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон номондоо нэг зүйлийг бичсэн байдгийг иш татахыг хүсч байна. “Ардчилал тогтох боломжгүй гэж үзэж байсан газруудад ардчилал ялж болдгийн жишээг Монгол Улс харууллаа. Ардчилалд эргэлзэгчид Монголд ирцгээ гэж хэлье” хэмээн Хиллари Клинтон  бичсэн байдаг юм.

Би энэ үгийг давтан эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалд эргэлзэж байгаа, эмэгтэйчүүдийн чадварт эргэлзэж байгаа тийм хүмүүс байвал Монголд ирцгээ гэж хэлье.

 Ингээд нэг өдөр Монголд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн гарыг барьж баяр хүргэх өдөр ирнэ гэдэгт би итгэж байгаагаа хэлье.

Та бүхэнд их баярлалаа” гэв.

Эх сурвалж: http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж