Соёлын газруудад шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Соёлын газруудад шалгалт хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн болон хөдөө орон нутгийн 21 аймгийн төв, 330 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит нийт 401 соёл урлаг, үзвэр үйлчилгээний барилгуудад шалгалт хийжээ. Ингэхдээ барилга ашиглалтанд орсон он, суурь, даацын хана, багана, дээвэр, цахилгаан, халаалт, усны хоолой, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг шалгаж үзсэн байна.

Газар хөдлөлтийн бүсээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн есөн баллын бүсэд, нийслэлийн зарим дүүргүүд, Завхан, Баянхонгор, Булган, Архангай зэрэг аймгууд найман баллын бүсэд, Дархан хот, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгууд долоон баллын бүсэд, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр зэрэг зүүн аймгууд 5-6 баллын бүсэд хамрагддаг ажээ. 

Соёл урлаг, үзвэр үйлчилгээний нийт 401 барилгуудыг газар хөдлөлтийг бүсээр авч үзвэл, есөн баллын бүсэд нийт барилгын 27 орчим хувь нь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 хувь, 15 хувь нь 5-6 баллын бүсэд тус тус байрлаж буй гэнэ.

Соёлын дээр дурдсан нийт байгууллагын 117 нь газар хөдлөлтөөс хамгаалсан бүтэцгүй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл 29,2 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилга  байгаа аж.

Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр 1950 онд, Улсын драмын эрдмийн театр 1958 онд, Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр 1932 онд, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал 1951 онд, Чойжин ламын музейн барилгууд 1904 онд баригдсан бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн шалгалтын комисс тогтоожээ. Ийнхүү байгалийн болзошгүй аюулд бэлтгэлгүй байгаа нь тус байгууллагад хадгалагдаж буй түүхийн ховор бүтээлүүд эрсдэлтэйгээс гадна хүмүүсийн ихээр цугладаг газар юм.

Сумдын соёлын төвүүдийн барилгад гарч буй нийтлэг зөрчил нь таазнаас ус гоожих байсан бөгөөд дээврийн усыг зайлуулах хоолой байхгүй, задгай асгарах зохион байгуулалттай байгааг тогтоожээ.

Тиймээс шалгалтын комисс 401 барилгын ашиглалтын байдалд 340 заалт бүхий 168 дүгнэлт, 12 заалт бүхий дөрвөн албан шаардлага, 40 заалттай 13 акт боловсруулж, 800 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 25 хувийг газар дээр нь арилгуулсан гэнэ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Буянт сум, Бугат сумын 100 хүний суудалтай соёлын төв, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Уянга сум, Сант, Баруун баян сум, Төв аймгийн Баянцогт, Баянчандмань зэрэг сумын соёлын төвийн барилгууд нь ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүй учир улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоожээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж