Энэ жилийн баяр Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулахаар болжээ.
Баяр наадмын нээлт нь Монгол Улсын бүх үндэстэн, ястны төлөөллийг оролцуулсан ёслол үзүүлдэг уламжлалтай. Тэрбээр энэхүү нээлт хаалтын арга хэмжээг дуу хөгжим, бүжгээс ангид ёслол хүндэтгэл тал руугаа анхаарсан найруулгатай хийхээ онцолсон юм. Ингээд баяр наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ямар байгааг сонирхохоор Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Биднийг очиход цэнгэлдэхийн гадаа нам жим эзнээ хүлээх төмөр хүлгээд л эгнэн зогссон харагдав. Харин төв цэнгэлдэхийн дунд найруулагч Ч.Ганхуягийн дуу цагаан хоолойгоор цуурайтан хэдийнэ бэлтгэл эхэлснийг илтгэнэ. Тэрбээр дарга нарын суудаг индэр дээрээс нэг гартаа микрофон барин бэлтгэл хийж байгаа хүмүүст зааварчилгаа өгч байлаа. Харин асарын доор хувцасаа өмсөх хэдэн залууст хандан “хөөе та нарыг энэ олон хүн хүлээгээд байна. Жаахан хурдалж болох уу” хэмээн их л ууртайгаар дуугарлаа. Төв цэнгэлдэхийн голд найман эгнээнд хуваагдан зогсох хүмүүсийн дунд олны танил драмын жүжигчид, чуулгын уран бүтээлчид гээд урлагийнхан байлаа. Харин наана нь зогсох хуцвас загварын моделууд хаана зогсохоо мэдэхгүй найруулагчийн амыг харж байгаа бололтой. Наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа найруулагч Ч.Ганхуягтай уулзахаар очтол зав муутай байсан тул хэсэг зуур бэлтгэлийн явцыг ажиглан хүлээж зогслоо. Драмын театрын жүжигчид нүсэр гоёл бүхий үндэсний дээлээр гоёсон байсан бол Үндэсний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид тоглолтынхоо хувцастай харин үлдсэн уран бүтээлчид нь жигдхэн хүннү загварын ханцуйг нь сураар ороосон сүүн шаргал дээлээр ижилсчээ. Ингээд найруулагч Ч.Ганхуягтай бэлтгэл ажлынх нь дундуур цөөн хором ярилцлаа.
-Наадмын нээлтийн бэлтгэл ажил хэр явна?
-Наадмын нээлтийг эртнээс төлөвлөн ерөнхий ажлуудаа хуваарилсан байгаа. Өнөөдрийн байдлаар гурав дахь удаагаа сургуулилт хийж байна. Бороо ороод, тэнгэр хангай сургуулилт хийлгэж өгөхгүй хэцүү байна. Өнөөдөр л бүх зүйлээ гүйцээж авах гээд сууж байна даа.
-Нийт хэчнээн уран бүтээлч оролцож байна?
-Бүх тетар, чуулгын уран бүтээлчид гээд нийт 500 гаруй хүн оролцож байна.
-Энэ жилийн наадмын нээлт бусад жилүүдийнхээс юугаараа онцлог байх уу?
-Энэ жилийн хувьд юу юугүй нэг их дуулж бүжиглээд байхгүй. Ер нь бол ёслол хүндэтгэлийн тал руугаа нээлт болно. Ансамбелийг их шаардсан уламжлал руугаа илүү ойрхон ёслолын ажиллагаа хийнэ.
-Дуулахгүй, бүжиглэхгүй гэхээр их сонин байна л даа?
-Дуулж, бүжиглэх асуудал бол 10-ны орой Сүхбаатарын талбай дээр болдог шүү дээ. Энд чинь төр жилдээ ганцхан удаа ард түмэндээ зориулж хүндэтгэл илэрхийлж байгаа ёслол байхгүй юу. Тэр тал руу нь хийх гэж бодоод байна. Түүнээс биш монголчуудын дуу хуур багадаагүй шүү дээ.
-Ямар ч хамтлаг дуучин дуулахгүй, бүжиглэхгүй гэж үү?
-Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа л ганцхан наадмын нээлтэд дуулна. Түүнээс биш өөр бүжиг байхгүй.
-Үндэсний их баяр наадмын нээлтэд дуурийн дуучин Э.Амартүвшинг дуулна гэсэн шүү дээ?
– Э.Амартүвшин төрийн хүндэтгэлийн концерт дээр дуулна.
-Монгол ёслолгоог дэмжин наадмын нээлтэд рок, поп, урлагийнхан хүндэтгэл үзүүлэн ёслохоор болсон гэсэн яриа гадуур хэвлэл мэдээллээр их цацагдаад байгаа?
-Өө мэдэхгүй. Тэр Монгол ёслогоо гээд яг тийм байна гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Яг үнэндээ монгол ёслолгооны өөрийнх нь уламжлал бол өөр. Яахав манайхан зүгээр тийм шинэ юм гаргаад байх шиг байгаа юм. Тэр нь болдог ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй. Тэрнээс биш яг наадмын нээлтэд тийм ёслогоо байна гэж ороогүй.
-Наадмын нээлтэд Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг залах гэж байгаа юм уу?
-Ганжуур, Данжуур судрыг зална. Гэхдээ энэ бол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол дотор багтсан нэг арга хэмжээ. Эдгээр судрууд маань хүн төрөлхтний өвийн санд бүртгэгдэн монгол түмний бахархал болж байна шүү дээ.
-Наадмын талбайн голд жүжигчдын бариад зогсож байгаа эдгээр туузаар дөрвөн зүг, найман зовхисыг бэлэгдсэн байх нь ээ?
-Энэ бол найман зүгт цацарсан цагаан зам юм. Нэг ёсондоо ёслолын эхэнд өргөсөн төрийн тэр сүүн цацлаар цацагдаж бий болсон зам гэж бэлэгдэж байгаа. Бэлэгдлийн чанартай үзүүлбэрийг түлхүү оруулж өгч байгаа.
-Сүүн зам болохоор нээлтийн ёслолд оролцож байгаа уран бүтээлчдийн үндэсний дээлийг сүүн шаргал өнгөөр ижилсүүлсэн юм байна шүү дээ.
-Өнгөний зохицолдолгоог ол харж энэ өнгийг сонгосон. Түүнээс биш эрээвэр хураавар өнгөтэй дээл дур дураараа өмсөж болохгүй шүү дээ.
-Ер нь 500-гаад хүн удирдаад сургуулилт хийх амаргүй байх аа?
-Чи удирдаад үзэх үү? Эндээс хашгираад үзэх үү. Тэгээд тэдний чинь ихэнх нь одууд юм байгаа биз дээ. Эд нар чинь хамгийн наад зах нь хүний хуучин дээл өмсөхгүй гээд асуудал зөндөө л байна шүү дээ.
-Энэ ажлын дараа уран бүтээлдээ шаргуу орно гэж байсан шүү дээ. Түүнээсээ сонирхуулаач?
-“Нохойн сүрэг”, “Ромео Жулетта” жүжгийг эхлүүлнэ гээд наадмын дараа ажил их байна.
-Нийслэлийн үзэгчдэд эдгээр жүжгээ хэзээ хүргэх вэ? Эсвэл зөвхөн Төв аймгийн “Монгол туургатан” театртаа тавих уу?
-Нийслэлийнхэнд зориулан тавина.
-Нохойн сүрэг?
-Энэ жүжигтээ өнөөдрийн монголын нийгмийг л харуулна. Өнөөдөр Монгол чинь ойлгогдохгүй байгаад байгаа шүү дээ. Яг үнэндээ бид чинь хүн ч юм уу нохой ч юм уу ойлгомжгүй, эзэн байна уу, байхгүй. Зөвхөн дээгүүрээ хуваагаад идчихнэ. Ард нь үлдсэн хэдэн амьтан учраа олохгүй мунгинаад л сууж байна шүү дээ. Гэтэл та нарын төлөө ажиллаад, мандуулаад өгнө, монголыг сайхан болгоно гэж гарчихаад цөмөөрөө өөр өөрсдийнхөө төлөө л хэрэлдээд сууж байна. Гэхдээ ард түмний төлөө хэрэлдэж байна уу, үгүй юу гэдэг талаар жүжиг хийх гэж байна. Өнөөдөр энэ чинь монголчуудын эмзэг сэдэв л дээ.
-Соёл урлагийг төрөөс хангалттай дэмжиж байна уу?
-Дэмжихгүй ээ, дэмжихгүй. Дэмжиж байгаа зүйл алга байна шүү дээ.
-Жишээ нь энэ удаагийн наадмын нээлтийн тоглолтод төрөөс хэдэн төгрөг төсөвлөсөн бол?
-44 сая төгрөг зарцуулж байгаа нь хаанаа ч хүрэхгүй л байна. Хэрвээ муу хийвэл хариуцлага тооцно гээд л үзнэ дээ.
-Наадмын нээлтийн тоглолтыг зохион байгуулж байгаа багаа танилцуулахгүй юу?
-Миний туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Ө.Батжаргал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч н.Амартүвшин, зураачаар Т.Ариунболд, хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар ажиллаж байна.