Та өөрийгөө ховсдоод байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Та өөрийгөө ховсдоод байна уу?

Заримдаа бид хэн нэгэнд буруу санаад, түүнийхээ тухай дахин дахин бодоод, анхаарлаа төвлөрүүлэх бүрт бүүр уур хүрээд түүнийхээ дагуу ямар нэгэн үйлдэл хийж орхидог. Тэгээд хэсэг хуацааны дараа бидний тэр бодол худлаа байсныг олж мэдээд, өөрийн хийсэн буруу үйлдлийг бодохоос ч  бүүр ичих шиг болдог. Иймэрхүү тохиолдол надад урьд нь хэд хэдэн удаа тохиолдож байсан. Харин танд тохиолдож байсан уу? Хэрвээ тийм бол та миний юу хэлж байгааг сайн мэдэж байгаа байх.

Тэгэхээр бид юун дээр анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлнэ тэр төвлөрүүлж байгаа зүйл мааань худлаа ч бай, үнэн ч бай хамаагүй, жинхнээсээ болж өнгөрсөн ч бай, үгүй ч бай хамаагүй бид түүнийгээ мэдэрч, түүндээ итгэж эхэлдэг.

Яагаад гэвэл бидний тархи эдгээр зүйлүүдийг төсөөлөөд байна уу, анхаарлаа төвлөрүүлээд байна уу, үйлдэл хийгээд байна уу, бодит уу, үгүй юу гэдгийг ялгаж салгахгүй шууд хүлээж авдаг. Тиймээс бид юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ түүнийгээ тэр даруйд мэдэрч эхэлдэг.

АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ = МЭДРЭМЖ

Заримдаа бид таагүй зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл санаагаар унаж байдаг. Анхаарлаа буруу зүйл дээр төвлөрүүлснээр энэхүү таагүй мэдрэмж төрөөд байна гэдгийг хэдий мэдсэн ч хэрхэн түүнээсээ салах учраа сайн мэддэггүй гэж болно. Тиймээс хэрхэн энэ таагүй мэдрэмжээ хурдан өөрчлөх вэ гэдгийг энэхүү бичээс дээрээ оруулахыг хүслээ.

Сөрөг мэдрэмжээ хэрхэн хурдан өөрчлөх вэ?

1-рт: Анхаарлаа сарниулах

Хэр хурдан мэдрэмжээ өөрчлөхийг хүснэ тэр хэмжээгээрээ хурдан анхаарлаа сарниулах хэрэгтэй.

Жнь: Хэрвээ та айдастай сэтгэл зовнисон мэдрэмжээ хурдан өөрчлөхийг хүсвэл та хэнд хайртай вэ, эсвэл танд хэн хайртай вэ, таны зорилго юу вэ, таны хүсэл мөрөөдөл юу вэ гэх зэрэг бодол руу анхаарлаа аль болох хурдан төвлөрүүлэх.

Анхаарлаа сарниулангуут бидний нөгөө айдастай эсвэл сэтгэл зовнисон мэдрэмж шууд алга болохыг та анзаарах болно, тиймээс оролдоод үзээрэй. Бид ийм хурдан анхаарлаа өөрчилж болно гэдэгт итгэдэггүй байсан ч юм уу эсвэл энэ тухай огт бодож үзээгүй,  эсвэл сонсож байгаагүй учраас сөрөг мэдрэмжээ өөрчилж чадахгүй түүндээ удаан хугацаагаар шаналдаг тохиолдол бий.

2-рт: Өөрөөсөө асууж байгаа асуултуудыг өөрчлөх

Бид өдрийн турш дотроо юм боддог. Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Эдгээр бодлуудын ихэнх нь бид өөрсдөөсөө асуулт асууж, түүндээ хариулах журмаар үүсч байдаг.

Жнь: Үүнийг хийх үү болих уу, энэ юу гэсэн үг вэ, юу болж байна, яагаад надад энэ бүгд тохиолдов… г.м.

Бид өөрсдөөсөө асууж байгаа зарим нэг асуултуудыг буруу тавьдаг учраас хариулт нь бидний хүсэхгүй байгаа зүйл рүү чиглэж, сөрөг мэдрэмж үүсэх гол шалтгаан болж байдаг. Өөрөөр хэлбэл буруу асуулт асуувал буруу хариулт гарч ирнэ. Буруу хариултнаас болж бид буруу сонголт хийдэг.

Жнь: “Би яагаад жин хасахгүй байна вэ?” гэдэг асуулт өөрөөсөө асуухад бидний тархи түүнийг шууд хүлээж авч, яагаад гэвэл чи таргалуулах хоол их иддэг учраас, яагаад гэвэл чиний хөдөлгөөн бага, залхуу учраас… г.м. сөрөг хариултууд гарч ирж, сөрөг мэдрэмж үүсч, асуудлыг улам хүндрүүлэхэд чиглэж, өөрийгөө шаналгана гэсэн үг. Харин түүний оронд “Илүүдэл жингээ амжилттайгаар хасахын тулд би яг юу хийх вэ?” гэдэг асуулт асууснаар жин хасахад чиглэсэн эерэг хариултууд гарч, асуудлыг шийдвэрлэх жишээтэй. Тэгэхээр асуултаа хэрхэн асууж байгаагаас шалтгаалж бидний мэдрэмж янз янзаар үүсч байдаг.

Тиймээс бид буруу асуулт асууснаар хязгаарлагдмал хариулт өгч, түүнийхээ дагуу хязгаарлагдмал бодолтой болж, тэгээд тэр бодлоо өөртөө дахин дахин давтан хэлж мөн бусдад дахин дахин давтан ярьснаар сүүлдээ бүүр түүндээ итгэж орхиод өөрийгөө ховсддог гэж ойлгож болно.

Хязгаарлагдмал бодол, хязгаарлагдмал итгэл байгаа цагт бид ХЭЗЭЭ Ч амжилтанд хүрч чадахгүй.

Тиймээс өөрөөсөө асуух асуултууд дээр анхаарлаа төвлөрүүлж, эерэг бодол руу чиглэсэн асуултуудыг асууж, өөрт үүссэн худал хязгаарлагдмал итгэлийг өөрчилж, оюун ухаанаа дасгажуулж, шинээр программлах нь маш чухал.

Өнөөдрөөс эхлээд өөрийгөө ховсдохоо зогсоож, анхаарлаа өөрийнхөө үнэн зөвийг олж тогтооход чиглүүлж, өөрийгөө энэхүү худал хязгаарлагдмал бодлоос чөлөөлж өөрийнхөө гайхамшгийг тодруулцгаая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж