Дэлхийн өвд 26 газрыг шинээр бүртгэж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн өвд 26 газрыг шинээр бүртгэж авлаа

Дэлхийн өвийн хорооны 36 дугаар хуралдаан зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 6-ны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотноо боллоо. Уг хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улс хэлэлцэн тохирч, байгалийн ангиллаар 5, соёлын ангиллаар 20, хосолмол ангиллаар нэг газар буюу нийт 26 газрыг Дэлхийн өвд бүртгэн авсан талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээлж байна.

Тухайлбал, Чад, Хятад, Энэтхэг, Орос болон Африкийн гурван улсын (Камерун, Конго, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс) хамтран бүртгүүлсэн газруудыг байгалийн ангиллаар бүртгэсэн байна.

Бахрей, Бельгия, Бразили, Канада, Хятад, Франц, Герман, Индонези, Иран, Израил, Малайз, Португал, Турк гэх зэрэг нийт 20 орны 20 дурсгалт газрыг соёлын ангиллаар, Палау Улсын Хадан арлын өмнөд усан санг (lagoon) байгалийн болон соёлын хосолмол ангиллаар бүртгэжээ.

Соёлын ангиллаар Иран Улс хоёр дурсгалт газар бүртгүүлсэн бол Словени, Испани хоёр улс хамтарч нэг дурсгалт газрыг Дэлхийн өвд бүртгүүлэв. Мөн Мали Улсын хоёр, Англи болон Панама улсуудын Дэлхийн өвд бүртгэсэн нэг нэг газрыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна. Харин Пакистан болон Филиппин улсуудын хоёр газрыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтаас гаргаж, хадгалж хамгаалахад хийсэн ажил үйлсийг нь үнэлжээ. Түүнчлэн БНХАУ-ын Занаду/Шанду хотод 13 дугаар зуунд Буддын шашин болон Даосизм хоёрын алдарт маргаан, хэлэлцүүлэг болсон түүхтэй. Энэ үйл явдлын үр дүнд Төвдийн Буддизм Зүүн хойд Азид өргөн тархсан гэж Шанду хотыг Дэлхийн өвд нэр дэвшүүлсэн тодорхойлтод бичсэн аж.

Дэлхийн өвд аюул учирсан дэлхийн өвийн жагсаалтыг гаргаж, чухалд авч үздэг ажээ. 

Далайн худалдаа наймааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн боомтууд байрладаг хот учраас Английн Ливерпул хотыг 2004 онд Дэлхийн өвд бүртгэсэн байна. Гэвч сүүлийн үед Ливерпул хотын хойд хэсэгт шинэ бүтээн байгуулалт хийхээр зэхэж буй нь дэлхийн хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлыг нь алдагдуулна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлээд, Ливерпул хотыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна.

Дэлхийн өвийн энэхүү хуралдаанаар ийнхүү бүртгэгдсэн газруудыг хадгалж хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад орон нутгийн уугуул иргэдийн оролцоо, уламжлалт ёс заншил, байгаль орчныг хамгаалах мэдлэг чухал болохыг дурдаж, голлох үүрэгтэйг онцлов.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж