Монголын олимпчид “Асикс”-аар гангарна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Монголын олимпчид “Асикс”-аар гангарна

Будант Албьоны нийслэл Лондон хотноо болох зуны спортын XXX олимпийн наадам эхлэхэд 18 хоног үлдээд байна. Олимпийг зорих тамирчид дор бүрнээ бэлтгэлээ чамбайруулан байгаа энэ үед БТСГ-аас Монгол Улсын олимпийн шигшээ багийн тамирчдын гоёх хувцас, хэрэглэлийг өнөөдөр тамирчдад гардуулан өглөө. Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазарын уламжилсны дагуу шигшээ багийн тамирчид Японы “Asics” брэндийн хослолоор гоёх болсон. Загвар хийц, өнгө, дизайн, материал зэргийг Монголын талаас санал болгож, захиалсны дагуу “Asics” компани Монголын багийн хувцас, хослолыг нийлүүлж, өнөөдөр Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Ингээд БТСГ-аас тамирчдын төлөөлөл болгож, Ардын багш О.Балжинням тэргүүтэй Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа нарын жүдочдод “Asics” брэндийн хувцас, хэрэглэлийг гардуулав. Энэ үеэр олимпод оролцох дэлхийн баг тамирчдаас спортын 11 төрөлд 29 орны тамирчид “Asics” брэндийг сонгосон тухай тус компанийг төлөөлж, Монголд хүрэлцэн ирсэн Маркетингийн албаны дарга Хирошима Марүяама хэлж байсан юм. Монголын багийн олимпийн түнш болж, хувцас, хэрэглэл нийлүүлсэн тус компанийн төлөөлөгчдөд БТСГ-ын зүгээс “Алтан од” болон “Спортын алдар” одонгоор шагналаа.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж