-Өвөрхангай аймагт болсон үйл явдлыг яагаад Хан-Уул дүүргийн шүүх шийдэв гэдэг эргэлзээ иргэдэд байна. Та хуульч хүний хувьд тайлбар өгөөч?
-Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх онцгой ажлын журмаар шийдвэрлэсэн. Шүүхээс хэрхэн яаж шийдвэрлэх журмыг хуулиар тогтоогоогүй маргааныг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. Жишээ нь, ажилласан жил, нас тогтоох гэх мэт. Шүүх дээр өдөр тутам онцгой ажиллагааны журмаар маргаан шийдээд явдаг. Гэнэтийн зүйл биш. Яагаад Хан-Уул дүүргийн шүүх шийдсэн бэ гэдэг асуудлын тухайд хуульд маш тодорхой заалт бий. Тухайн иргэн ямар нэг маргааныг онцгой ажиллагааны журмаар шийдүүлэх гэж байгаа бол өөрийн оршин суугаа газрын шүүх эсвэл үйл явдал болсон газрын шүүхэд хандах хуулийн заалттай. Хан-Уул дүүрэгт амьдардаг нь тэр хүний буруу биш учраас хуульд заасан үндэслэлээр шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн шүүх өөрийнх нь нутаг дэвсгэрт оршин суудаг иргэний онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг шийдэх үрэгтэй. Баянзүрх дүүрэгт амьдардаг байсан бол мөн адил.
Ингэхдээ Хан-Уул дүүргийн шүүх сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулж ямар нэг шийдвэр гаргаагүй. Ямарваа нэг шийдвэр гаргахыг хэн нэг этгээдэд даалгаагүй. Харин Өвөрхангай аймагт өрсөлдсөн нэр бүхий хүмүүс эд бараа тараасан нь нотлогдож байна гэдэг шийдвэр гаргасан. Энэ шүүхийн шийдвэрийг баримтлаад сонгуультай холбоотой шийдвэр гаргах нь Сонгуулийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Тэгэхээр хууль зүйн дагуу шийдэгдсэн маргааныг өөр харилцаа руу аваачиж холиод, сонгуулийн үйл ажиллагаанд шүүх оролцож байгаа юм шиг яриад байна. Сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийж байсан. Нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоосон учраас бид нэрсийг нь түдгэлүүллээ гэж. Энэ бол СЕХ-ны шийдвэр. Шүүхийн шийдвэр биш. Шүүх бол нэр дэвшигчид Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэдгийг л тогтоосон.
-Заавал шүүх гэхгүйгээр сонгуулийн тойргийн хороо юм уу Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг тогтоож шийдэх боломжгүй юу?
-Сонгуулийн тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо үйл явц, баримтыг тогтоох эрхгүй субьект. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийн хороо хуулийн зөрчлийг хянаж тогтоох эрхгүй, үйл явцыг баримтжуулдаг байгууллага биш. Харин үйл явц, баримтыг тогтоодог нь хуулийн байгууллага. Үйл явдлыг тогтоодог гол үндсэн арга бол онцгой ажиллагааны журмаар шийдэх. Энгийн жишээ татъя. Налайхын уурхайд ажилладаг байсан хүн Улаанбаатарт харьяа дүүргийн шүүхдээ хандаад ажилласан жилээ тогтоолгож болно.
-Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг хэрхэн тогтоож шийдвэрлэх талаар Сонгуулийн хуульд заагаагүй юм уу?
-Сонгуулийн тухай хуульд ийм зөрчил гаргавал нэрсийн жагсаалтаас хасна л гэснээс биш энэ процессыг яаж тогтоох вэ гэдгийг заагаагүй. Иймээс Иргэний хуулиар зохицуулах ёстой болно. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд энэ маргааныг ингэж шийдвэрлэнэ гэсэн заалт байхгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй онцгой ажиллагааны журмаар шийдэх ёстой. Ер нь цаашид сонгуультай холбоотой маргааныг онцгой ажиллагааны журмаар шийддэг байх хэрэгтэй. Учир нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд шуурхай, сонгуулийн маргаанаас үүдэж төрийн ажиллагааны тасралтгүй байдлыг алдагдуулахаас сэргийлж чадна.
-Шүүх шийдвэрээ хурдан гаргалаа, хариуцагчийг байлгаагүй, давж заалдах боломж олгоогүй гэж шүүмжилж байна. Энэ тухайд…?
-Онцгой ажиллагааны журмаар шийдэхэд хариуцагчийг оруулдаггүй. Нөгөө талаар бид шүүхэд хандаад л олон сар жил явдаг байдалд дасчихаж. Шүүхэд бүх нотлох баримт ирчихсэн байхад заавал хугацаа алдах албагүй. Давж заалдахын хувьд гомдол гаргаад Нийслэлийн шүүх хүлээж авсан гэж сонссон. Би гайхаж байгаа, зөндөө олон удаа иймэрхүү маргаан дээр гомдол гаргаж үзсэн. “Нэгэнт та нар шүүх хуралд оролцоогүй учраас тэр талаар гомдол гаргах эрхгүй” гээд буцаадаг байсан. Хуулиараа бол тийм. Давж заалдах гомдлыг хүлээж авахгүй байх ёстой. Гэтэл Нийслэлийн шүүх ямар нэг хамааралгүй этгээдийн гаргасан гомдлыг хүлээж аваад хурал зарлана гэдгийг өмгөөлөгч хүний хувьд ойлгохгүй байгаа.
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хууль зөрчсөнийг тогтоосон шүүхийн шийдвэр хэд хэд бий. Гэтэл яагаад зөвхөн энэ тойргийн асуудал олны анхаарлыг татаад байгаа юм бол?
-Ганц энэ шийдвэр биш. Хөвсгөл аймагт нэр дэвшигчид хариуцлага ногдуулсан шийдвэр гарсан. Баянхонгор аймгийн шүүх ийм маргааныг шийдсэн гэж би сонссон. Хан-Уулын шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Харин шүүхийн шийдвэрийг хууль бус гэж харуулах, олны анхаарлыг татах сонирхол ямар субьектэд байгааг би хэлж мэдэхгүй байна.
Ер нь бол хууль зөрчсөнийг шүүхээс тогтоочихоод байхад ямар нэг арга хэмжээ авахгүй бол цаашид хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Бүх нотлох баримт нь бүрдсэн маргааныг хуулиа бариад шийдвэрлэхээр хурдан гэж шүүмжлээд, иргэн хүн өөрийн оршин байгаа газрын шүүхэд хандаад шийдүүлснийг буруутгаад, дээр нь гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол энэ улс оронд дараа дараагийн сонгууль шударга болох нөхцөл яаж тавигдах вэ гэдэгт хуульч хүний хувьд эргэлзээтэй л сууж байна.