Пара-Таеквондогийн хоёр дахь удаагийн тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Пара-Таеквондогийн хоёр дахь удаагийн тэмцээн болов

Монголын таеквондогийн холбооны баг тамирчид 2010 оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон Пара- Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 20 орны баг тамирчид өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд манай улсаас  Дорнод аймгийн “Дорнын Од”  клубын тамирчин Г. Анхбаяр, Д. Ширнэн, Багануур дүүргийн “Гарьд” клубын тамирчин А.Нямганьд нар дасгалжуулагч М. Энхбаатарын хамт  оролцсоноос эрэгтэйчүүдийн  58 кг жинд 13 тамирчин өрсөлдөж,  Д. Ширнэн эхний тойрогтоо Узбекстаны тамирчин Бакиев Кудракыг,  хоёрдугаар тойрогтоо Гватмайл улсын тамирчин Алвариз Герссонгыг тус, тус ялж хүрэл медалийн болзол хангажээ. Харин мөнгөн медалийн төлөө Испани улсын тамирчин Атхами Жосед ялагдсан байна. 80 кг жинд зургаан тамирчин өрсөлдсөнөөс  А. Нямганьд эхний тойрогтоо ялж, хоёрдугаар тойрогтоо АНУ-ын тамирчин Себатис Филликсд оноогоор ялагдан хүрэл медалийн болзол хангалаа. 68 кг жинд 12 тамирчин өрсөлдөж  манай тамирчин Г. Анхбаяр Азарбайжен улсын тамирчинд ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна.
Дашрамд дурдахад Г.Анхбаяр нь Анхдугаар Пара-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан тамирчин билээ. Манай баг тамирчид багийн дүнгээр 20 орны баг тамирчдаас 10 дугаар байранд шалгарсан байна. Мөн Монголын таеквондогийн холбооны шигшээ багийн тамирчид 2010 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Казакстан улсын нийслэл Астана хотноо болох 19 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж