Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Шүүгч нарыг томиллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн зарлиг гарган дараахи хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Уг зарлигт, Бямбаагийн Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, Сономдоржийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Нэргүйн Батчимэгийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Бадамдоржийн Ариунбаярыг Завхан аймгийн шүүхийн шүүгчийн, Лхамхүүгийн Баатар, Базаррагчаагийн Түмэнцэцэг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн, Энхтуяагийн Халиунбаярыг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.
Мөн "Шүүхийн тухай" Монгол Улсын хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь заалтыг баримтлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн зарлиг буулгаж Дамдинсүрэнгийн Зоригтбаатарыг Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар болсон байна.
Шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” хэмээн онцлон тэмдэглэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж