Монгол
Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа агсны гэргий З.Огнио гуайтай уулзаж
ярилцлаа. Өнөөдөр ч З.Огнио гуайн гар утсанд ханийх нь “Үүнээс илүү хөх
тэнгэр гэж үгүй эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” гэх дуу
эгшиглэх. Ингээд Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг Ч.Дамчаа
агсны амьдралынх гэгээн дурсамжийг хөндсөн гэргийнх нь яриаг хүргэж
байна.
-Юуны өмнө Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярт өдөр байрны батламж гардсанд баяр хүргэе?
-Баярлалаа.
Эмээгийнх нь хийсэн зүйл гэж юу байх вэ дээ. Хөгшний минь буян надад
ирж байна. Маш их баярлаж байна. Хань минь амьд сэрүүн байхдаа “Бурхан
болсон ч би та нартаа буянаа өгнө өө” гэж хэлж байсан юм.
-Танайх бас бүл нэмж баярт үйл явдал болжээ?
-Бид
хоёр гэр бүл болоод 50 гаруй жил болжээ. Гурван хүү, гурван охинтой, 20
ач, зээ, дөрвөн гучтай болоод байна. Бэр маань саяхан нярайлж манайх
бүл нэмээд байна.
-Б.Дамчаа агсны дэлгэцийн
хамгийн анхны дүр нь “Үер” киноны Молом занги. Анхны киноны нээлтийг
үзээд танд ямар санагдаж байв даа?
-Анхны
дүрээ бүтээхдээ 37 настай байсан. Молом зангийн дүрийг кино дэлгэцнээс
харахад тийм ч таатай байгаагүй. Хөөрхөн алаг үрсийнхээ зургийг үзүүүлж
тэднийгээ их санаж байна гэж үнэн учраа хэлсэн орос цэргийг бусдаар
хөнөөлгөөд дараа нь хээв нэг сувдан зүүлт авч зогсох дүрийг хараад айх
гайхах, жигших зэрэгцэн, “Яаж чадаж байна аа” хэмээн уулга алдсан. Би
олон хүүхнүүдийн дунд суугаад киног нь үзэж байлаа. “Балиар хорон
санаатай хүн хаанаас гараад ирэв. Хөөрхийг алуулахгүй байх байсан юм”
гээд л хүмүүс уурлаж байна аа. Би ч бас сэтгэл гонсгор театраас гарлаа.
Гараад ханьтайгаа харихаар алхаж явахад “За ямар болж” гэлээ. Би “Чи
тэр орос цэргийг алуулчих юм” гэсэн чинь “Би Молом биш шүү дээ” гээд л
инээлдэж билээ. Төмөр замын театрт гитартай дуулж явсан ханийг минь
анх киноны Жийгий /Алдарт найруулагч Б.Жигжидсүрэн/ хараад энэ хүн
жүжигчин байх ёстой юм байна гээд л ямар ч проб хийлгүй шууд дүр оноож
байсан гэсэн. Миний ханийн авьяас аргагүй л мэдрэгдэж байсан байх.
Анхны киног ээж нь үзэж байсан. Молом сүүлдээ буудуулдаг шүү дээ. Тэр
хэсгийг үзээд ээж маань нүүрээ дараад “Ээ бурхан минь, хүү минь үхэж
дуусч байна уу ” гэж байж билээ.
-Хань тань эсрэг талын дүрийн мастер. Хүн өөртөө байхгүй зан чанарыг хамгийн сайн гаргадаг гэсэн үг байдаг?
-Тэр
үнэн шүү. Миний хань уур уцаар бухимдал гэдгийг мэддэггүй хүн байлаа.
Одоо эргээд бодох нь ээ бид хоёр бие биендээ хэзээ ч эвгүй үг хэлж
байгаагүй, нэг ч удаа муудалцаж үзээгүй юм билээ.
-Дэлгэцэнд амьдруулсан дүр тоогоо алдсан байх. Тайзны бүтээл нь ч олон байх?
-Бид
хоёр МҮЭСТО-нд нэгдсэн тоглолтод оролцож байхдаа танилцаж байсан юм.
Нэг том их хурал л болж байсан юм даг. Эмээ нь бүжигчин хүн л дээ.
Дуулж, бүжиглэж, хөгжимдөж явлаа. Хүүхдийн театр биднийг залуу байхад
“Ромео Жулета”-г тавьдаг байсан юм. Тэр жүжигт миний хань ламын дүр
бүтээж байсан. Тоглосон дүрийг нь тоолж барахгүй.
– Б.Дамчаа гуай дүрээ яаж гаргаж, яаж хүнд хүргэх вэ гэж нэг их асуудал болдоггүй байсан гэж уран бүтээлчид нь ярих юм билээ?
-“Мандухай
цэцэн хатан” киног хийхэд улсаас их анхаарал тавьж, уран бүтээлчид ч их
хичээж байсан. Манай хүн Исмэл тайжийн дүр бүтээхдээ 52 настай байсан
юм. Түүхэн ном зохиол их уншиж, заримдаа Эсмэлийн үгийг зүүдэндээ
ярина. Их хичээж гаргасан дүр. “Сэлэм тэр бүр эргүүлж үзээгүй хүн,
тэгээд эмэгтэй хүнтэй ана мана үзэлцэж байгаа дүр гаргана гэдэг бас ч
амаргүй байна шүү” хэмээн ярьж байсан нь санагдаж байна.
Миний
хань дүр аваад яаж гаргах вэ гэдгээ өөртөө тунгаан бодоод хэрэгтэй
зүйлээ уншаад мэдчихсэн байдаг. Үгээ уншаад сууж байгааг нь харсан
кино группынхан “За үгээ цээжлээгүй байж. Яах билээ, үгээ алдах вий
дээ. Хэд дахих бол” гээд л хараад суухад “Мотор” гээд эхлэнгүүт л
бүгдийг тайвшруулчихдаг байсан гэдэг. Чадварлаг жүжигчин хүн чинь хэзээ
дүрээ ийм сайн ойлгож мэдэрсэн юм бол гэж бодтол нь жүжиглэдэг байсан
гэдэг.
-Амьд сэрүүн байхдаа “Олны танил
байх тийм ч амар биш шүү” гэж хэлж байсан. Чухам юу нь тийм хэцүү
байдаг байсан юм бол гэж та боддог вэ?
-Гудамжинд
явж байхад хүмүүс “Хүүе энэ чинь Дамчаа гуай юу даа” гэхээр “Биш ээ
миний хүү. Би ах нь байна” гээд л бөөн инээдэм болдогсон. Хүмүүс байнга
эргэж хараад зарим хүүхэд “Мандухайг алсан хүн” гээд л ярихаар хэцүү
байсан байх. Түүнээс хэцүү зүйл өөр юу байхав дээ.
-Б.Дамчаа
агсан их сайхан дуулдаг байж. “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дуу,
“Хурд” хамтлагийнхантай дуулсан “Эх орон” дуу нь үнэхээр хүмүүсийн
сэтгэлд хүрсэн сайхан дуу болсон. Бас олон кинонд дуу оруулсан.
Давтагдашгүй өвөрмөц хоолойтой хүн байж шүү?
–
Зарим жүжигчдийн дууг өөр хүн оруулдаг. Харин миний хань хэзээ ч өөр
хүнээр дүрдээ дуу оруулуулж байгаагүй. Их сайхан дуулна аа. Тэтгэвэрт
гарсан хойноо нөгөө дугуй юм юу билээ?
-CD тоглуулагч уу?
-Аан
тийм. Дуулсан дуугаа чихэвч хийгээд л сонсоод байна. Нэг удаа их сонин
өнгөөр дууллаа. Яг л солгой хоолойтой хүн шиг. Би өвгөнийгөө сайхан
дуулдгийг нь мэдэх учраас инээгээд байдаг. Чихэвч зүүсэн хүн яаж намайг
сонсох вэ дээ. Тэгж тэгж дуудаад хэлтэл “Үгүй байлгүй” гэдэг байгаа.
Чихэвчээр сонсоод дуулахаар хүн их өөр дуулдаг юм билээ. Манай хүн
хэлний боловсролтой. Болгар, орос хэлнээс олон кино орчуулсан.
Өвгөнтэй
маань СТӨ-нд салах ёс гүйцэтгэсэн. Салах ёс хийгээд сүүлчийн замд нь
үдэх агшинд өөрийнх нь дуулсан “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дуу
өөрийнх нь дуулснаар явсан гэсэн.
-Та тэр үед байгаагүй юм уу?
-Өвгөн
маань дөрөвдүгээр сарын 24-нд бурхан болсон. Талийгаач болсноос хойш
хоёр өдрийн дараа би сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж эхэлсэн. Бие
муу байсан болохоор оршуулгад нь оролцож чадаагүй. Золтой нь өөрөө
хойноос нь явчихаагүй дээ.
-Хамгийн
сүүлчийн дүр нь “Би чамд хайртай ” киноны хоёрдугаар ангийн Жигмэд
багшийн дүр байлаа. Энэ киноны зураг авалтын үед их ядарсан гэсэн үү?
-Тэр
үед дуу оруулах энэ тэр гээд хоёр өдөр үүрээр гурван цагт ирж байсан.
Тухайн үедээ бие нь гайгүй л байх шиг байсан. Харин сүүлд нь киног нь
үзсэн чинь их ядруу байсан харагдаж байна лээ. /уйлав/
Хань
маань ардчилсан үзэлтэй хүн болохоор Ерөнхийлөгч сонгогдсон өдөр
талбайн арга хэмжээнд очсон. Гэтэл толгой нь эргээд тавгүй байсаар
гэртээ ирсэн. Тухайн үедээ эмээ уугаад бие нь сайжирч л байсан.
Нүүрнийх нь нэг тал нь мэдээ алдаад яльгүй муруйсан харагдсан. Хоол
ундаа идэхдээ ам нь мэдээ алдсан бололтой савируулаад байхаар нь
болохоо байлаа гээд түргэн дуудаж үзүүлсэн. Одоо бодох нь ээ, бага
зэрэг харвалт өгсөн юм билээ. Тэгээд удаагүй байтал “Очир” рашаан
сувиллаас “Манайд ирээд эмчлүүл. Бид үнэгүй эмчилж өгье” гэсэн юм. Би
сувилалд хамт явах гэтэл өдрийн 30 мянга гэсэн. Би ч “Би зүгээр байгаа
юм чинь чи эмчлүүл, тэр мөнгөөрөө хонь авья” гээд л үлдсэн юм. “Зөндөө
эмчилгээ хийлгэлээ. Сайхан байна” гэж тухайн өдрийнхөө 13 цагийн үед
ярьсан. Гэтэл 17 цагийн үед болохоо байлаа гээд сувиллаас утасдаад
эхэлсэн. Сандралдаад очтол байхгүй болчихсон байсан. Үнэхээр их
харамсах юм. Одоо болтол би түүнийгээ амьд байгаа гэж боддог. Нас
барсан гэдэгт нь итгэж өгөхгүй юм./уйлав/
Би
дулаарахаар тэр сувилалд очоод яг яасан, ямар эмчилгээ хийсэн гэдгийг
асуумаар санагдах юм. Сүүлийн хэдэн өдөр би л анхаарлаа сарниулснаас
болов уу гээд л их олон юм бодох юм. Хүн гэдэг олон жил ханилахаар нэг
хүн шиг болдог гэдэг. Үнэхээр үнэн юм байна шүү. Биеийн нэг хэсэг
байхгүй болчихсон юм шиг л болоод байх юм. Саяхан нэг хонь авлаа.
Янзлах гэтэл нэг л болж өгдөггүй. Бодох нь ээ хань маань гаргахаар
махыг нь жижиглээд бэлтгэчихдэг байсан юм байна. Гудамжаар явж байхад ч
байнга бодогдоод. Бид байнга хамт явдаг байсан болохоор нэг дэлгүүрт
орсон ч бид хамт эндээс юу авч байлаа гээд л бодогдох юм. Хүүхдүүд минь
амьдрал гэдэг их богино байдаг юм билээ. Энэ богино хугацаанд бие биеэ
хайрлаж амьдраарай гэж захимаар байна.
-Нэг
зүйл асуумаар байх юм. Ардын жүжигчин, гавьяатнуудыг Алтан-Өлгийд
нутаглуулдаг. Яагаад Б.Дамчаа агсныг тэнд нутаглуулаагүй юм бэ?
-Зүг
нь зүүн тийш гэж таарсан. Түүнээс гадна миний хань амьд сэрүүн байхдаа
“Энэ олон жил хамт амьдарсан юм чинь үхсэн хойноо ч салаад яахав” гэдэг
байсан юм. Тэгээд л бид захиасыг нь биелүүлсэн хэрэг. Ханиасаа хойш
хэдэн ч удаа эмнэлэгт очив. Түүнийхээ хүчээр II эмнэлэгт үзүүлж, сайн
эмч нарын хүчээр болж л байна даа.
-Та саяхан Ерөнхийлөгчтэй уулзсан гэсэн үү?
-Тийм
ээ. Өвгөн маань Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдонгуут цул мөнгөн
аяга аваад дурсгал болгон нэрээ бичүүлээд өгч амжаагүй юм. Нэгэнт тэр
хүнд миний хань зориулсан болохоор би тэр аягийг нь өгсөн. Ерөнхийлөгч
их сайхан хүлээж авч “Б.Дамчаа гуай маань тэнгэрээс биднийг харж байгаа
байх” гээд хүндэтгэж байсан. Миний хань зөвхөн хань ижил, үр хүүхэд ах
дүүдээ бус Монголын ард түмний хүн гэдгийг би байнга мэдэрдэг. Би амьд
сэрүүн байхад нь ч тэгж хэлдэг байсан юм. Биод байхдаа байнга салхинд
алхана. Сонгины амралтын хашааны хажууд таван мод байдаг. Түүний хоёр
нь нийлж ургасныг хараад “Энэ бид хоёр шүү” гэдэг байсан нь одоо ч
санагдах юм. Тэнд очоод миний энергийн мод гэдэг байсныг нь санаад
саяхан очиж хадаг уяж, сүү өргөлөө. Би өмнө нь “Хүмүүс хаа дуртай
газраа модонд хадаг уях юм” гэж боддог байсан бол өөрөө өөрийн эрхгүй
өвгөнийнхөө сүсэглэж, хайрлаж байсан энэ модонд хадаг залмаар санагдсан
даа.
-Б.Дамчаа гуай дурдатгалаа бичсэн байна лээ?
-“Зэлэмийн удам” нэртэй дурдатгалын ном бичсэн. Бас сүүлд одоо үеийн кино урлаг, жүжигчдийн ур чадварын талаар ном гаргасан.
-Б.Дамчаа гуайд байр өгөх шийдвэрийг хэн гаргасан бэ. Түүнийг хүндэтгэн дээдэлдэг хүмүүс их талархаж байна лээ?
-Өвгөн
маань Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарт
хүсэлт гаргаж байсан. Хэдийгээр амьд сэрүүндээ шинэ байранд орж
чадаагүй ч бурхны орноос харж төр түмэндээ баярлаж байгаа байх.
“Мандухай цэцэн хатан” киноны нээлтийн өдөр дунд охин маань амаржсан
юм. Хань маань хүү төрвөл Минхай, охин төрвөл Мандухай гэж нэр өгье гэж
ярьж байгаад зээ охиндоо Мандухай нэр хайрласан даа. Одоо Мандухай
охинтойгоо шинэ байрандаа амьдарна даа. Сайхан сэтгэл гаргаж бидэнд
байр олгосон бүх хүмүүст маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна.
Түүний
хамгийн сүүлийн бүтээл “Би чамд хайртай ” киноны хоёрдугаар ангийн
Жигмэд багшийн дүр байлаа. Тухайн үедээ хятад халуун сав, баячуудын
хэрэглэдэг өнгөт зурагт, дарс энэ тэр кино авалтдаа ашиглалаа гэсэн
шалтгаанаар дэлгэцэнд гаргахаас татгалзаж байсан энэ киноны үргэлжлэл
25 жилийн дараа олны таашаалд нийцсэн чадварлаг бүтээл болон олны
хүртээл боллоо. Киноны нээлтийн үеэр Б.Дамчаа агсныг ангийнхантайгаа
уулзах хэсэг дэлгэцэнд гарах үед хүмүүс алга нижигнүлэн ташиж,
“Хүүхдүүдээ би Дэлгэрийгээ та нартайгаа хамт сургуулийг нь төгсгөж
чадаагүйдээ их харамсах юм. Одоо хэр нь өөрийгөө зэмлэдэг. Та нар бие
биеэ хайрлаж яваарай” гэж хэлэх агшинд үзэгчид нулимс дуслуулан, алга
ташиж байсан юм. Дэлгэр сургуулиа төгсч чадаагүйд Б.Дамчаа агсан
буруутай юм шиг сэтгэгдэл төрөхөөр чадварлаг илэрхийлж чадсан болохоор
тэр биз. Кино урлагийн ноён оргил болсон Б.Дамчаа агсны бүтээсэн
гайхамшигт дүрийг үе үеийнхэн дэлгэцнээс харан бахархан, биширнэм зээ.