-Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг байгуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтрах болсон шаардлага үндэслэл нь юу байсан юм бэ?
-УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэн нэгэнтээ сонголтоо хийсэн учраас Ардчилсан нам ойрын дөрвөн жилд өөрсдийн бодлого үйл ажиллагаагаа эрчимтэй, хүчтэй явуулах ёстой. Ардчилсан намын бодлого нь өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах тэр хүчин хэн бэ гэдгийг нэн тэргүүнд бодолцсон. Өнөөдрийн байдлаар үүний төлөө хамтарч ажиллах санал тавчихаад байгаа субьект нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл л байна л даа.
-Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүд тангараг өргөхийн өмнө МАН-ын дарга С.Батболд “Ардчилсан намтай хамтарч Засгийн газарт ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн шүү дээ?
-Процедурын хувьд “Шударга ёс” эвсэлд энэ саналыг тавиад хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх чиглэлээр эхлээд ажиллана.
-Хамтрах асуудал нэгэнтээ хөндөгдсөн учраас тодорхой саналууд бас яригдсан болов уу. Тухайлбал, тэр тэр яамны сайдыг манай эвслээс томилох ёстой гэдэг ч юм уу, тийм тодорхой асуудал яригдсан уу?
-Засгийн газрыг хамтарч байгуулах чиглэлээр Монголын улстөр нэлээн туршлага хуримтлуулчихлаа. Жишээлбэл, 2004 он, 2008 оныг харвал. Бидний хувьд гол нь хамтарч хийх ажлаа тохирох ёстой юм билээ. Яг юуг хийх юм бэ, хэн нь ямар үүрэг хүлээх юм бэ гэдгээ маш тодорхой болгох. Дээр нь жижиг, сажиг зүйлээр бие биенээ өөлөөд татаж унагаад байхааргүй, тогтвортой ажиллах тэр нөхцөл боломжоо бид ярилцах учиртай. Гол зүйл бол Монгол хүн иргэдээ ажилтай, орлоготой болгох, хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох энэнд л итгэл үнэмшилтэй хандаж хамтарч ажиллаж, чадна, хийж чадна, болно бүтнэ, урт удаан хугацаанд хамтарч Засгийн газартаа ажиллана гэсэн зүйлийг гол болгож байна л даа.
-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам олонхи болсон ч Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээнд хүрч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг яаралтай зарлаж, хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой хэмээн УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй гишүүд мэдэгдэх боллоо. Намын дарга та үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал наадмын дараа зарлагдана. Сонгуулийн үр дүнг өөр, өөрөөр харж байгаа янз бүрийн санаа бодолтой хүмүүс байхыг үгйүсгэхгүй, гэхдээ бид дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Чоно, туулай хоёрын онигоо байдгийг та нар мэддэг л байх. Туулай нэг удаа малгай өмсчихсөн явж байсан чинь чоно тааралдаад “Чи муу туулай наашаа хүрээд ир, яах гэж малгай өмсөөд явж байгаан” гээд зодчихдаг. Маргааш нь чоныг харангуутаа туулай өмсөж явсан малгайгаа авчихсан чинь чоно “Чи муу яахаараа малгайгүй явж байдаг юм бэ” гээд бас зодчихсон. Ямар ч зүйлд өө сэв гэж бий. Тэр өө сэвийг байнга олж харвал мэдээж асуудал гарна. Тэгэхдээ өнөөдөртөө Ардчилсан намд олон түмэн итгэл өгсөн. Ардчилсан нам бол эрийн цээнд хүрсэн, тэртээх 1996 онд бужигнаж байсан шигээ бужигнана гэж олон хүн төсөөлж, олон хүчнүүд сонирхож байх шиг байгаа юм. Тэрэнд нь би “Үгүй ээ” гэдэг ганц хариултыг манай Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас өгч чадна гэдэгт эргэлзэхгүй болсон. Нэг зүйлийг хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэчнээн удаа хуралдсан билээ, хэчнээн хүний хамраас цус гаргах бол гэж улстөрийн хүчнүүд хүлээв. Тэр үед бүх зүйл эерэгээр явсан. Тийм учраас одоогийн Ардчилсан намыг тэртээх үеийн нялхсын өвчинд нэрвэгдэж байсан үетэй нь дахин дахин харьцуулж юм уу, санагалзуулж ярих шаардлагагүй болсон. Одоо бол Ардчилсан нам хэрсүүжсэн, ард түмэн бол энэ чанарыг хараад итгэл хүлээлгэж байгаа, энэ итгэлийг даагаад явах зиндааны чадалтай улстөрийн хүчин болж чадсан. Тийм ч учраас гурван ч сонгуульд ард түмэн бид бүхнийг дэмжлээ, яллаа. Ард түмнийхээ итгэлийг дааж ажиллаж, Хүн шиг амьдарч улс хөгжихийн төлөө ажиллах ёстой болж байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигын хэргээр шалгагдаж байгаад батлан даалтад гарсан. Удахгүй энэ сарын 18-нд Сүхбаатар дүүрэгт шүүх хурал нь болно. Авлига хээл хахуультай тэмцэж чадах намтай хамтарна гэж байгаа боловч, авлигын “загалмайлсан эцэг” гэж нэрлэгддэг хүний удирддаг намтай эвсэж Засгийн газар байгуулна гэх нь танай намын бодлоготой нийцэж байгаа зүйл үү, тэгээд?
-Бид бол тодорхой хэмжээгээр хоёр нам нийлсэн эвсэлтэй энэ асуудлыг ярьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэн нэг хүний тухай яриагүй. Ялангуяа эвслийн нэр нь “Шударга ёс” нэртэй, тэгэхээр энэ чиглэлээр тодорхой асуудлууд дээр санал нэгдэж ажиллана гэж найдаж байгаа.
-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх сонгуульд олонхи болж чаадагүйнхээ хариуцлагыг хүлээгээд огцорлоо. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга харин хэзээ хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал босч ирээд байна?
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд гавьяа хүлээж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд би Д.Эрдэнэбат даргатайгаа хамтраад ажиллалаа. Үнэндээ бол намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил гэдэг бол нүсэр хүнд ажил. Энэхүү хүнд амаргүй ажлыг амжилттай хашиж, бүх зүйлд хамтран нэг зүйлийн төлөө зорьж, зүтгэж ирсний дүнд өнөөдрийн Ардчилсан намыг нийслэлийн төвшинд ялалт байгуулж, УИХ-ын сонгуульд олонхи болгож, Ерөнхийлөгчийн сонгуулийг бас хамтран зохион байгуулж олон, олон ялалтад хүргэж, энэ ажлыг гардан зохион байгуулж ирсэнд нь ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбатдаа баяр хүргээд явж байгаа. Үүнийг УИХ-ын гишүүн болоод явж байгаа У.Хүрэлсүхтэй адилтгаж болохгүй. Хоёр өөр зүйл шүү.
-Одо үйлчилж байгаа хуулийн хүрээнд парламентад олонхи болсон нам нь УИХ-ын даргад гишүүнээ нэр дэвшүүлэх ёстой. Танай нам УИХ-ын даргаа хэзээ санал болгох вэ?
-За байз, өнөөдөр есөн, маргааш 10-н гээд наадам их олон өдөр үргэлжлэх юм билээ. Тийм учраас долдугаар сарын 16-наас эхэлж энэ ажил маань их шуурхай явна аа гэж ойлгож болно.
-Засгийн газрын хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас урьтаад Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих гэх мэтчлэн нууц байсан зүйлүүдийг нэлээд баталж, хууль зөрчиж байна гэдэг мэдээлэл бий. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ. Танай нам Засгийн газраа байгуулсан нөхцөлд эдгээр асуудлыг яах вэ?
-Ер нь хуулиар тогтоогоогүй, төсвийн хуулиар заагаагүй, бусад олон асуудлыг Засгийн газар яаран сандран шийдэж байгаа асуудлууд бий. Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандан “Та бүхэн ямар асуудал шийдвэрлээд байна вэ. Түүнийгээ цаасаар өг” гэсэн хараахан ирээгүй байна. Сонин хэвлэлд гарсан мэдээллийг харвал төсөвт суугаагүй, хөрөнгө нь байхгүй маш олон асуудлыг шийдвэрлэсэн байна билээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас тун удахгүй Засгийн газар байгуулагдсанаар хүчингүй болох тийм зүйлс гэж л хэлэх байна даа.