-УИХ-ын дэгээр анхдугаар чуулганы үйл ажиллагаа яаж үргэлжлэх вэ?
-УИХ-ын сонгууль амжилттай болж өнгөрсөн баасан гаригт 69 гишүүн тангаргаа өргөж бүрэн эрхээ зөвшөөрүүллээ. Энэ бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хангалттай бүрэлдэхүүн гэж үзэж байна. УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганы тухай тодорхой заалтууд байдаг. Хуулийн дагуу дөрөв таван асуудал хүлээгдэж байна. Юуны өмнө УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, байнгын хороодын дарга нарыг сонгох, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэж батлах, Засгийн газрын гишүүдийг томилох зэрэг үндсэн таван том асуудал хүлээгдэж байна.
Одоогийн шинээр сонгогдсон УИХ өөрийн онцлогтой. Урьд нь хоёр намын бүлгийн хүрээнд гишүүд нь бүрдэж ажиллаж байсан. Энэ жил манай сонгогчид их өвөрмөц сонголт хийлээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвсэл парламентад бүлгийн хэмжээний бүрэлдэхүүнтэй орж ирснээр бүтэц зохион байгуулалт өөр болж байна. Одоо УИХ-д гурав дахь намын бүлэг ажиллана. Ингэснээр УИХ-ын гурав дахь дэд дарга гарч ирнэ.
-Тамгын газар юу хийж байгаа вэ?
-Шинээр сонгогдсон гишүүдийнхээ өрөө тасалгааг хуваарилах, техник хэрэгслийг олгох ажил хийж байна. Зарим гишүүн зөвлөх, туслахаа аваад эхэлсэн. Тэдний тухай шийдвэр гаргаж байна. Шинэ УИХ-ын төсвийг танилцуулж байна. Гишүүдийнхээ ажиллах нөхцөлийг анхнаас нь хангах тал дээр нэлээд анхаарч байгаа. Бэлтгэл ажил хангагдсан. Нийт 34 гишүүн шинээр сонгогдож орж ирсэн. Тэдэнд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.
-Чуулганы үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх вэ?
-Олон суудал авсан АН аль хүчинтэй эвсэхээс шалтгаалж дараагийн улс төрийн шийдлүүд гарна. Баяр наадмын өдрүүд эхэлж байгаа учраас амралтын өдрүүдээр УИХ завсарлана. Тэгэхээр долдугаар сарын 16-наас чуулганы үйл ажиллагаа эхэлнэ. Хуульд заасан томоохон ажлуудаа хийж 16-ны өдрөөс чуулганы ажиллагаа жигдрэх байх гэж үзэж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй.