Энэхүү наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс хамтран зохион байгуулсан бөгөөд найргийн наадмын эхний шатанд 60-аад бүтээл ирсэнээс сүүлийн шатанд 11 найрагчийн бүтээл шалгарсан юм. Ингээд сүүлийн шатанд үлдсэн найрагчид Б.Ширэндэвийн тухай шүлэг уншсаар “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир тэргүүлж, “Болор цом”-ын эзэн, “Алтан өд” наадмын эзэн, яруу найрагч Д.Урианхай, энэ жилийн Дорнын их яруу найрагч Д.Нацагдоржийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” наадмын тэргүүн байрын эзэн О.Цэнд-Аюуш нар удаалсан байна. Тусгай байранд яруу найрагч Ч.Давгадорж, Н.Минжинсайхан нар оржээ. Найргийн наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулсан аж. Наадмын үеэр мөн эрдэм шинжилгээний бага хурал болсон байна.
Түүний зуун жилийн ойн хүрээнд олон ажил хийж байгаа бөгөөд тавдугаар сард 10 боть номын нээлт Үндэсний музейд болсон юм. Түүнчлэн амьдралынх нь замналыг өгүүлэх нэн сонирхолтой эд өлгийн зүйлс, архивын бичиг баримт, ном, гэрэл зургийг дэлгэн харуулсан билээ. Тун удахгүй МУИС-ийн хичээлийн II байрны урд талбайд түүний гэрэлт хөшөө сүндэрлэнэ.
Дашрамд дуулгахад зургадугаар сарын 13-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 2 хүртэл хүнд гурван жилд нэг удаа олгож байхаар тогтоол гарчээ.
Сонирхуулахад, Б.Ширэндэв нь Сайн ноён хан аймгийн Далай чойнхор ван Цэдэнсодномын хошууны Их баг буюу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт 1912 оны тавдугаар сарын 15-нд Ач хариад овгийн Базарын зургаадугаар хүү болон мэндэлжээ. Сансар судлалын Үндэсний зөвлөлийн дарга Б.Ширэндэв нь Монгол хүнийг сансарт нисгэх үйлст томоохон хувь нэмрээ оруулсан хүн гэдгээрээ түүхэнд бичигдсэн юм.