Гэрэл зурагчин Сара Ли-д Хавайн арал дээр төрөх аз тохиожээ. Тэр нутагт өвөл болдоггүй, харин цасан цагаан элсэн эрэг дээр дал мод бөхийж, далай дахь ус нь бүлээн, тэнгэр дэхь одод нь хурц байдаг билээ. Аль багаасаа л Сара эргэн тойрон бүхнийхээ зургийг дарж байсан бөгөөд үнэхээр ч зурагламаар үзэмж хангалттай байдаг билээ. Арай том болчихоод бүсгүй мэргэжлээ нэлээд нарийвчилж зөвхөн усан доорх уран сайхны фотог сонирхох болжээ. Түүний үндсэн сэдэв нь сёрфингчид. Гэхдээ тун этгээд өнцгөөс… буюу усан дороос…
Далай өөрийн гоо сайхан, хүч чадал, нууцлаг байдлаараа ямагт хүмүүсийг татсаар ирсэн. Заримыг нь бол айлгадаг – хүн болгон сэлж чадахгүй шүү дээ. Иимэрхүү хүмүүсийн хувьд бол далай үл таних, үл мэдэх Terra Incognita байдаг бол Сара Ли-гийн зургуудыг шимтэн харснаар гэрээсээ гаралгүй далайн гүнийн гайхамшигтай танилцаж өөрийгөө яг л давалгааг эзэгнэгч, гайхалтай хүчтэй, бас амгалан сёрфингчид мэтээр төсөөлж болно шүү.
Багаасаа гэрэл зургийн хорхойтой болсон Сара дунд ангидаа тун дажгүй зураг авдаг болсон. Гэхдээ түүний хувьд фото зүгээр нэг сонирхол биш гэдгийг бүтээлдээ зориулсан сайтнаас нь харж болно. Тэрээр жүжигчин, модель, сёрфингч Элисон Тилийн “Элисийн адал явдал” блогт зориулсан зураг авч, “Кино үйлдвэрлэл болон реклам” чиглэлээр Chapman University-д дээд боловсрол эзэмшжээ. “Гэрэл зураг бол миний хувьд ертөнцийг үзэх үзлээ илэрхийлэх, камер болон монтажийн аргаар түүнийгээ илүү сайн талаас нь харуулах арга юм” гэж залуу зурагчин ярьж байна.
Усан доорх зураг бол маш хүнд, бас осолтой урлагийн төрөл юм. Нэг л болгоомжгүй хөдөлгөөн хийхэд л усан доорх урсгалд автан мөргөцөг рүү шидэгдэнэ. Саратай яг ийм зүйл тохиолдсон ч азаар тэр бэртээгүй зөвхөн камераа эвдэлж орхижээ. Энэ явдал бүсгүйд сургамж болж, тэрээр зургийн газраа сайтар судалж, шумбалт болон сёрфингийн үндсийг судалж эхэлсэн байна. Харин үүний үр дүнд бид гоо сайхныг нь хараад амсьгаа давхацмаар гайхалтай давалгаануудыг харах боломжтой болсон билээ.
Гэрэл зургийн шүүмжлэгчид болон Сарагийн шүтэн бишрэгчид уран бүтээлч бүсгүйг өөрийн гэсэн арга барилтай болсон, бүтээл нь бүлээн дулаан сэтгэл, өнгө гэрлийн хурц шийдлээр амьсгалдаг гэж онцлон тэмдэглэдэг. Үнэхээр ч, далай хөх цэнхэр өнгөний бүхий л тунгаар тунарч, давалгаа нь хурц гэрлээр ялгарах бөгөөд харин дурангийн ер бусын өнцөг нь өвөрмөц байдлыг улам тодотгоно. Харин бүсгүй бол ийм гэрэл зураг авахад төрөлх Хавай нь тусласан гэж баталдаг…