Хэнтий аймгийн Батноров суманд эртний бунхан ухаж байсан Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийг илрүүлжээ. Тус сумандаа томд тооцогддог Дарь-Эх хэмээх бунхныг шинжээч мэргэжилтэй Шаравын Цолмон гэгч нутгийн гурван иргэний хамт ухаж байсныг малчид хуулийн байгууллагад мэдэгдсэн байна.
Хууль хяналтынхан тэднийг баривчлах үед Ш.Цолмон хэргийн газраас зугтаж амжсан гэнэ. Гэсэн ч цаг алдалгүй араас нь хөөцөлдсөний үр дүнд Ш.Цолмонг барьж чаджээ.
Өнгөрсөн долоо хоногт гарсан эл хэргийг прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан ч бунхан ухахыг завдсан гэж үзээд Ш.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ мэтээр эртний бунхан, хирэгсүүрийг ухаж тонох явдал маш их давтагдаж байгаа. Харамсалтай нь бунхан тоносон этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол тун цөөхөн байна.
Зохиогчийн эрх: "Өглөөний" сонин