Өчигдрийн байдлаар, Нью-Йоркийн худалдааны бирж дээр ирэх зургадугаар сард нийлүүлэлтэд гаргах нэг баррель түүхий газрын тосны үнэ 63 центээр буурч, 76.17 ам.доллар болжээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн эхээр Европын өрийн хямралаас болж хөрөнгө оруулагчдын еврод итгэх итгэл алдарснаар нэг баррель газрын тос 87.15 ам.долларт хүрч байсан юм. Энэ нь сүүлийн 18 сарын хамгийн өндөр үнэ болсон билээ. Ам.доллараар үнэлэгддэг газрын тос зэрэг түүхий эдийн үнэ валютын ханш чангарахтай зэрэгцэн евро хэрэглэдэг орны хэрэглэгчдийн хувьд маш өндөр үнэтэйд тооцогдох болсон. Еврогийн ам.доллартай харьцах ханш бага зэрэг чангарч, уржигдар нэг евро 1.2790 ам.доллартай тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар 1.2748 ам.доллартай тэнцжээ. Харин ам.долларын иентэй харьцах ханш суларсан байна. Нэг ам.доллар 93.29 иен байсан бол өчигдөр 92.52 иентэй тэнцжээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар Евро бондын ханш тогтворжиж, еврогийн ханш суларсан, энэ нь газрын тосны үнэд нөлөөлөх аж. Үнэхээр ч Евро бүсийг тогтворжуулах төлөвлөгөө хямралын “халдварыг” зогсоож, еврогийн ханш эцэс төгсгөлгүй унаж байгааг болиулах сайн талтай юм.
Харин Нью-Йоркийн худалдааны бирж дээр байгалийн хийн ханш харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 1000 куб.фүт байгалийн хий 4170 ам.долларт хүрсэн байна. Лондонгийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 50 центээр доошилж, 79.62 ам.доллар болжээ.
ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БҮС НУТГИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОНО
Дэлхийн зах зээл дээр 1970-аад оны үед газрын тосны ханш огцом нэмэгдэж, урьд нь байгаагүй хэмжээнд хүрч байв. Энэ байдал 2003, 2008 онд мөн л давтагдсан юм. Өнгөрсөн 2007-2008 онд газрын тос зэрэг түүхий эдийн үнэ гайхмаар хурдан өсч байв. Энэ нь газрын тос, байгалийн хийн экспортод түшиглэдэг ОХУ зэрэгт завшаан болжээ. Тиймээс нэг талаар түлш шатахууны худалдаанд голлох үүрэгтэй оролцдог ам.доллар, еврогийн хуримтлал газрын тос экспортлогч орнуудад ихээр бий болж, энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлсөн гэж үзэх шинжээчид ч байна. Ийм явдал 1970-аад онд болоогүй аж. Тэр үед газрын тосны ханш 295 хувиар нэмэгдэж байжээ. Харин 1979-1980 онд энэ хэмжээ нь арай буурч, 115 хувьд хүрсэн юм. Гэтэл 2010 онд юу болж байна вэ. Бас л үнийн огцом өсөлт ажиглагдаж байна. Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцээд нэг баррель газрын тосны үнэ он гарсаар дунджаар 75 ам.доллартай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд газрын тосны үнэ чангарахын хэрээр ам.доллар, еврогийн ханш суларсаар ирсэн. Ингэснээр худалдан авах чадвар буурч, газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын хувьд бүтээгдэхүүн нь ойрын хугацаанд нэг бол үнэгүйднэ. Эсвэл улс орнууд хэрэглээгээ хязгаарласнаар инфляци үүсэх магадлалтай юм.
Үнэхээр газрын тос “хаданд гараад” эхэлбэл геополитикийн тогтворгүй байдал газар авах магадлалтайг эдийн засгийн тоймчид онцолж байна. Тэднийхээр бол АНУ Ирак, Афганистан дахь дайныг эцэслэж, газрын тосны өндөр зардал бүхий “төслөө” зогсооход хүрвэл Израйлийн зүгээс Иранд хандах хандлагаа эрс өөрчилж, тус бүс нутгийн байдал хурцдах боломжтой юм.
ЭКСПОРТЛОГЧ, ИМПОРТЛОГЧ ОРНУУД ТОХИРОЛЦСОН УУ
Европын комиссын шинжээч асан Андрью МакКиллоп энэ талаарх өөрийн саналаа дэвшүүлжээ. Түүнийхээр бол газрын тос экспортлогч, импортлогч орнуудын зүгээс харилцан тохиролцож, түүхий эдийн ханшийг өсгөн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хэрэглээг багасгах зорилготой хэмээн таамаг дэвшүүлж байгаа юм. Энэ байгууллагын гишүүдийн дийлэнх нь Европын орнууд аж. Өмнө нь 1970-аад онд болж байсан газрын тосны үнийн хөөрөгдөл нь богино хугацааных байсныг эдийн засагчид онцолдог. Өөрөөр хэлбэл, асар богино хугацаанд үнийн огцом өөрчлөлт гарсан юм. Тэр нь мөн л богино хугацаанд буурсан.
ОПЕК тэргүүтэй байгууллагуудаас явуулсан судалгаагаар 2008-2009 онд дэлхийн газрын тосны эрэлт 3.5 хувь байсан. Уг үзүүлэлт 2009 оны эцэс хүртэл тогтвортой байв. Харин 2010 он гарснаас хойш ерөнхийдөө ихсэх хандлага ажиглагдаж байгаа юм. Хамгийн муу нь юу вэ гэвэл экспортлогчдийн зүгээс урт хугацааны нийлүүлэлт, хөрөнгө оруулалтаа багасгах хандлага илт ажиглагдаж байна. Ойролцоогоор жилд нэг хувийн уналт гарч, жил ирэх бүр энэ хэмжээ нь ихэссээр байх магадлалтай аж.
Эрэлтэд учрах дарамт нь Энэтхэг, Хятад, Пакистан, Бразиль болон ОХУ, Саудын Араб, Иран, Венесуэль, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг экспортлогч орнуудад хүндээр тусах юм. Тиймээс эдгээр “түншлэгч” орны зүгээс Европын орнуудын газрын тосны эрэлтийг хязгаарлах зорилго тавьж байна хэмээн таамаглаж буй аж. Үүний нэг халхавч нь Европын “20-20-20” төлөвлөгөө буюу цаг уурын өөрчлөлтийг зогсоох зорилгоор газрын тосны хэрэглээг багасгах зэрэг юм. Одоогийн байдлаар Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад нэг хүнд ногдох газрын тосны хэрэглээ Хятадынхаас тав дахин, Энэтхэгийнхээс ес дахин их байдаг.
Дэлхийн эдийн засаг сэргэхийн хэрээр улс орнуудын эрчим хүчний эрэлт нэмэгдэж байна. Энэ нь газрын тосны эрэлтэд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэтэл экспортлогч орнуудын зүгээс бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ аажмаар нэмж, үнийг нь барих хандлагатай байна гэсэн таамаг ч гарчээ.
Газрын тос экспортлогч, импортлогч орнуудын хооронд дахь гэрээ, хэлэлцээрүүд, энэхүү түүхий эдийн ханшийг тогтвортой хэрнээ өндөр байлгах сонирхол, нийлүүлэлт, үнийн хязгаарлалт зэрэг нь эрчим хүчний солилцоонд нөлөөлөгч чухал хүчин зүйл болж байна. Зарим эдийн засагчийн нотолж буйгаар газрын тос үйлдвэрлэгч орнуудын зүгээс энэхүү үнийн хөөрөгдлийг зориуд зохиож, дэмжиж байгаа аж.
Т.Элиса
“Улс төрийн тойм” сонин