“Зэр зэвсэг баяртай!” 47 янзын төгсгөлтэй гарна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

“Зэр зэвсэг баяртай!” 47 янзын төгсгөлтэй гарна

2012 оны 7 сарын дундуур Эрнест Хеммингуэйн “Зэр зэвсэг баяртай!” романы шинэ хэвлэл гарахдаа төгсгөл хэсгийн 47 өөр өөр хувилбар, нэрийн анхны хувилбарууд, мөн эхэн үеийн хар ноорог болон өмнө нь хэвлэгдэж байгаагүй хэсгүүдийг багтаах юм байна. Энэ тухай The New York Times мэдээллээ.

330 хуудас бүхий энэ хэвлэлийн хавсралтанд романы төгсгөлийн бүх хувилбаруудыг багтаана. Дээрх хувилбарууд хэдхэн өгүүлбэрээс эхлээд хэд хэдэн догол мөр байх жишээтэй. Романыг хэвлэх талаар Хемингуэйн өв залгамжлагчид америкийн Simon & Schuster хэвлэлийн газартай тохиролцсон байна.

1958 онд The Paris Review утга зохиолын сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Хемингуэй “Зэр зэвсэг баяртай!” романы сүүлийн үгсийг 39 удаа бичиж байсан гэж хэлсэн байдаг. Утга зохиол судлаачдын сайн мэдэх энэ төгсгөлүүдийг өмнө нь хэвлэж байгаагүй юм. Хемингуэйн гар бичмэлүүд Жон Кеннедийн нэрэмжит номын сангийн Эрнест Хеммингуэйн цуглуулгад хадгалагддаг билээ.

Шинэ хэвлэлд мөн романы нэрийн ноорог хувилбарууд багтана. Зохиолч романаа “Дайны үеийн дурлал”, “Дайн ч, энх ч хангалттай”, “Бишрэл” гэх зэргээр нэрлэх гэж байжээ. Мөн хавтсан дээр нь Хемингуэйн зураг тавигдана.

Эрнест Хеммингуэйн “Зэр зэвсэг баяртай!” роман анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд нэлээд намтарчилсан шинжтэй юм. Хемингуэй Дэлхийн I дайны үед италийн фронт дээр Улаан Загалмайн сайн дурын ажилтнаар үүрэг гүйцэтгэж байсан билээ. Шархадсаныхаа дараа Миланд цэргийн эмнэлэгт хэвтэж байхдаа сувилагч бүсгүйтэй учир ургуулсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж