Булган аймгийнхан хонин сүргийнхээ чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн жилээс нэгэн томоохон төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Нутгийн хонийг үзэмчин үүлдрийн хуцаар цус сэлбэж, гарсан эр хурганаас нь хурган хуц тавьж байгаа аж.
Аймгийн хэмжээнд нийт хуцыг нь сайжруулвал аяндаа сүргийн чанар нь сайжрах ажээ. Энэхүү ажиллагааг 2010 оноос ХААИС-ийн доктор профессор Самбуу багшийн удирдлагаар хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд 6000 гаруй хонь хээлтүүлж, 6000 орчим хурга хүлээн авч тэндээс 435 хурган хуц тавьсан байна. Тэдгээр хуцнууд нь энэ жилээс үржилд орж эхлэх ажээ. Өнгөрсөн жилийн хувьд 18 мянган хонь хээлтүүлснээс 16 мянга гаруй хонь төллөжээ. Үүнээс 1000 гаруй хурган хуц тавьчихвал ирэх жилээс хурган хуцны тоо толгой олширох гэнэ. Эцэст нь Булган аймгийн хэмжээнд нийт хээлтүүлэгч 100 хувь солигдож, тус нутгийн хонины амьдын жин 8-10 кг-аар өсөх ажээ.
Э.САР