Үерт амиа алдагсдаас гадна өнгөрсөн бямба гаригт Украйнь руу автобустай аялалд явж байгаад автобустайгаа осолд орж нас барсан 14 мөргөлчний хойноос Оросууд гашуудаж байгаа гэнэ. Ослоос 29 хүн эсэн мэнд үлдсэн байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Итар-Тасс агентлагт мэдээлснээр үерт амиа алдсан хүмүүсийн тоо өчигдөр 171 болсон гэнэ. Амиа алдагсдын дийлэнх нь буюу 159 нь Кримскийнх байжээ.
57,000 орчим оршин суугчтай Кримск хотод өнгөрсөн баасан гаригийн шөнө дунд хүмүүсийг унтаж байх үеэр үер буусан аж. Үерийн усны түвшин долоон метрт хүрсэн гэж оршин суугчид ярьсан байна. Үер яах ийхийн зуурт болсон тул оршин суугчид шууд орноосоо босон гэрээсээ гүйн гарсан гэнэ. Үерийн улмаас 320 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний 104 нь эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Үерт нэрвэгдсэн Краснодар мужийн 5,000 хүн орон гэргүй болж, 254 байшин барилга сүйдсэн гэж Риа-новости агентлаг мэдээлсэн байна.
Краснодар мужийн захиргаанаас үерт нэрвэгдсэн иргэдэд тус бүрт нь 10,000 рубль олгож эхэлсэн бөгөөд тэдэнд гурван сарын дотор шинэ байшин барьж өгөхөө амлаж байгаа гэнэ. Үерийн гамшиг нөмөрсөн ОХУ-д АНУ туслахаа илэрхийлж, Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам фейсбүүк хуудсандаа “Вашингтон ОХУ-ын Засгийн газарт туслахад бэлэн” гэжээ. Үерт нэрвэгдсэн Краснодар муж одоо гэрэл цахилгаангүй, ундны усны нөөцгүй байгаа гэнэ.