Тэгвэл энэ жилийн хувьд өмнөх жилүүдийн адил үндэсний дээлийг европ загвараар эвдэн орчин үеийн хэлбэр хийц рүү оруулахаас эрс татгалзсан загварууд захиалга ихтэй байгаа гэнэ. Энгийн монгол дан дээл энэ жилийн гоёлын загварыг ноёрхож байгаа аж. Харин ууж, хантаазыг дангаар нь буюу банзал, өмдтэй хослуулан захиалах болсон гэнэ. Зөвхөн баяр наадам гэлтгүй сүүлийн жилүүдэд залуус үндэсний дээл хувцасаа өргөн хэрэглэх болсон учраас үндэсний хувцас урладаг салонууд захиалга ихтэй байх болжээ. Мөн энэ жилийн баяр наадмын өмнө дөрвөн жилд нэг тохиодог УИХ-ын сонгууль давхцсан учраас нэр дэвшигчид УИХ-ынхан уламжлалт хэв маягийг хадгалсан энгийн монгол дээлийг өргөнөөр захиалсан гэнэ шүү. Төрийн түшээдийн өмссөн дээлний загвар энгийн байсан нь энэ наадмын гоёлд ч нөлөөлсөн гэж ярих хүмүүс байлаа. Дээлний загвар энгийн болсон учраас загварын товчоод эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулж өгчээ. Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжээр энэ зуны дээлний нэг шийдэл болжээ.
Зун цаг өөрөө өнгөлөг гэгээлэг болоод ч тэр үү наадмын гоёлын дээлний өнгөний хувьд тод, гэгээлэг өнгийг захиалагчид чухалчлах болжээ. Тиймээс энэ наадмаар европын энэ зуны дэлхийн хувцас загварт ноёрхоод байгаа тод улбар шар болон гэгээлэг шаргал, ногоолин өнгөнүүдийг санал болгож байгаа юм байна. Гэхдээ аль ч үндэсний дээл хувцас урладаг салон таны нүүрний өнгө, өөрхийнхөө биений галбирт зохицуулан өнгөөр наадах боломжийг чөлөөтэй олгож байгаа гэсэн. Тиймээс өнгөний хувьд сонголтоо та л хийнэ.
Үндэсний дээл гэхээр л монголчууд торгоор гоёдог гэсэн ойлголтыг сүүлийн жилүүдэд халах болжээ. Тиймээс ч хувцас загварын салонууд материалын сонголтоо Веьтнам, Энэтхэг, Япон, Хятад, Солонгос улсаас торго, силк, даавууг өргөнөөр татан оруулж иржээ. Веьтнам торго силк талдаа хөнгөн намирсан яг л зуны халуунд таны хэрэгцээнд тохирох хөлөргөхгүй, халууцуулахгүй, өнгөний хувьд өргөн сонголттой гээд давуу талууд олонтаа юм байна. Мөн Энэтхэгийн сарины материалаар дээл урлах нь хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа ч эдгээр нимгэн силкэн материалууд нь загвар зохион бүтээгч, оёлолчдоос мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг гэнэ. Түүнчлэн зөвхөн силк ч гэлтгүй даавуун дан дээлүүд хамгийн их эрэлттэй байгаа аж. Мөн эрчүүд Энэтхэг түүхий торгыг илүүтэй сонгодог гэнэ. Учир нь энэ торго цулгүй хээгүй материалтай бөгөөд өнгөийн хувьд өргнө сонголт бүхий бүүр зарим нь хамелион маягын солигддог өнгөтэй байдаг аж. Харин гэр бүлийн хоёр хос даавуун дээлээр ижилсэх сонирхолтой байгаа гээд энэ наадмын гоёл үргэлжилсээр .
Хувцас захиалгын томоохон салонууд баяр наадмын захиалгаа даах ачааллынхаа хэрээр авдаг бөгөөд ихэнхдээ наадмаас сарын өмнө захиалгаа хаадаг. “Монгол костюмс”, “Шилмэл загвар”, “Торго” салон энэ жилийн наадмын захиалгаа өнгөрсөн долоо хоногт буюу хоёр долоо хоногийн өмнөөс зогсоожээ. Томоохон салонууд энгийн загвар бүхий монгол дан дээлийг 300 мянган төгрөөс дээш үнээр хийж үйлчилж байна. Харин зарим нэг онцгой давхар хантааз, чимэглэл бүхий дээлүүдээ 600 мянган төгрөгөөр урлаж байгаа юм. Тэгвэл жижиг хувцас захиалгын газрууд болон хувиараа дээл урладаг оёдолчид дан дээлийг 150-200 мянган төгрөгөөр хийж буй аж. Тэд ч бас наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа учраас хэдийнээ захиалгаа зогсоожээ. Гэхдээ одоо наадмын гоёлоо сонгоё гэвэл дээл огт олдохгүй гэсэн үг биш юм. “Монгол костюмс” төвийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүрт нь энэ жилийн наадмын гоёл болсон энгийн монгол дээл, хантааз өргөн сонголттойгоор байсан шүү. Мөн “Нарантуул”, “Хархорин” захууд дээр хувь хүмүүсийн урласан дээл хувцас үнийн хувьд 150 мянган төгрөөс дээш үнэтэйгээр зарагдаж байсан бол хүүхдийн дээлийг загвар хийцээс нь хамааран 70 мянга орчим төгрөгөөр худалдаалж байлаа.
“Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо Үндэсний их баяр наадмын сүүлийн өдөр буюу энэ сарын 13-ны өдөр 12.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд өнгөрсөн сард “Монгол костюмс” төвийн уран гартай дизайнерууд ЮНЕСКО-гийн тайзнаа үндэсний дээл хувцасаа театрчилсан тоглолтоор сурталчлаад ирсэн билээ. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. Анх 1000 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Улаанбаатар чуулга” болон “Шилмэл загвар”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулах юм. “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм. Мөн үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулах юм. Үүнд, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулах юм байна.