Шинэ систем & сөрөг үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зэх зээлд үүссэн асуудалд багагүй дуулиан дэгдээв. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулж, 14 сая ам.долларын санхүүжилттэй энэ гэрээний дагуу манай хөрөнгийн зах зээлийг шинэчлэх ажил өрнөж байгаа. Үүний хүрээнд Лондонгийн хөрөнгийн бирж, олон улсын хөрөнгийн биржүүдийн ашигладаг “МIT” сисстемийг суурилуулж, энэхүү системийн дагуу арилжаа эрхлэх болсон нь долоо хоногийн туршид брокер диллерүүдийг ажлаа хаяхад хүргэв.  Үүнээс бол өнгөрсөн долоо хоногт  Монголын хөрөнгийн бирж урьд өмнө байгаагүй хамгийн бага үнийн дүнтэй арилжааг хийжээ. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж 2012 оны долдугаар сарын 2-6-нд нийт таван удаагийн арилжаа явуулж, таван ХК-ийн 26,4 мянган ширхэг хувьцааг 9,9 сая төгрөгөөр арилжсан байна. Өдөртөө бараг зуун сая төгрөгийн арилжаа хийдэг Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт ердөө л 10-хан сая төгрөгийн арилжааг чуу чай хийсэн байх юм. Брокерийн компаниуд шинэ системээр арилжаа хийхийн тулд банктай клирингийн гэрээ байгуулах шаардлагатай. Гэвч одоогийн байдлаар Хөрөнгийн биржид суудалтай 79 брокерийн компанийн ес нь арилжааны банктай клирингийн гэрээ байгуулжээ. Шинээр нэвтрүүлсэн системийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо шинэ журам баталж, энэхүү журамыг баримталж ажиллахыг Монголын хөрөнгийн бирж брокер, диллерийн компаниудаас шаардаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банктай клирингийн  гэрээ байгуулахаас нааш брокер диллерийн компаниуд арилжаа хийх эрхгүй бөгөөд,энэхүү гэрээ байгуулахын тулд брокерууд төлбөрийн баталгааны санд доод тал нь 10 сая төгрөгийг байршуулсан байх ёстой гэнэ. Үүнээс  бол Монголын хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниудын хооронд багагүй асуудал үүсээд байгаа бөгөөд тэрхүү үл ойлголцлоос болоод Монголын хөрөнгийн зах зээлд ч сөрөг үзэгдлүүд ажиглагдах болсон нь өнгөрсөн долоо хоногт 9,9 сая төгрөгийн арилжаа хийсэн явдал юм. Яагаад заавал арилжааны банктай клирингийн гэрээ байгуулсан тохиолдолд арилжаанд оролцох эрхтэй болж байгааг Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд  харилцагчийн мөнгийг залилах, харилцагчийг гомдоох асуудлыг  цэгцлэхийн тулд ийм шаардлага тавьж буйгаа тайлбарласан.

Үүнийгээ ч Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн шинэ үе эхэллээ хэмээн дүгнэж буйгаа тус биржийнхэн нуухгүй байгаа юм. Тэгвэл брокерууд  төлбөрийн баталгааны санд байршуулах мөнгийг ярилцан тохиролцож буулгахгүй тохиолдолд бид арилжаанд оролцохгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр  байна. Учир нь тэд 300 сая төгрөгийн арилжаа хийлээ гэхэд 100 сая төгрөгийг төлбөрийн баталгааны санд байршуулсан байх ёстой.

Монголын хөрөнгийн биржийн шинэчлэх явцад гарч буй энэхүү шинэ үзэгдэл цаашдаа хэр удаан үргэжлэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Монголын хөрөнгийн бирж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаа мөрдөнө хэмээнийн гүрийж байгаа бол брокер диллерүүд ч төлбөрийн баталгааны санд байршуулах мөнгөний хэмжээг харилцан тохироогүй цагт арилжаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байна.  Нэмэр дээр нь нэрмээс гэгчээр үнэт цаасны мөнгөн гүйлгээний  төлбөр тооцооноос банкууд шимтгэл авна гэсэн нь брокер диллерүүдийн дургүйцлийг бүр ч илүү хүргэх болсон байна. Арилжааны банкуудын хувьд ямар нэгэн гүйлгээ хийж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Тиймээс арилжаанд оролцсон брокер диллерүүдийн арилжаанаас тодорхой хэмжээний шимтгэл авахаас өөр аргагүй гэдгийг ч арилжааны банкууд тайлбарлаж байгаа юм.

Ийнхүү брокер диллерүүдийн эсэргүүцэл, Монголын хөрөнгийн биржийн шаардлагаас үйлчлүүлэгчид л хохирч үлдээд байгаа бөгөөд энэ асуудал даамжирч хурцадвал эдийн засагт хямрал авчирч болзошгүй байна.

Ж.ХҮСЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж