![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/6e676674033b4070/f0df97413a93190big.jpg)
УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт юм. Монголын ард түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийж, хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллалаа. Сонгуулийн шат шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барисан. Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж шуурхай ажиллах шаардлага байгаа” гэдгийг онцолсон.
УИХ-ын чуулганы нээлтэд СЕХ-ноос сонгуулийг зохион байгуулах, үр дүн болон шинээр сонгогдсон гишүүдийн талаар танилцуулга хийсэн. Чуулганы дэгийн дагуу УИХ-ын таван гишүүд СЕХ-ны даргаас зарим асуултад хариулт авлаа.
МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Өвөрхангай аймагт нэр дэвшиж, түр үнэмлэхээ авсан хоёр гишүүнийг яагаад тангараг өргүүлээгүй тайлбарлахыг хүссэн. Мөн тойргууд дээр гарсан гар аргаар тоолсон асуудлыг тойргын хороод дээр шийднэ гэсэн. Гурван аймаг, хоёр дүүрэг дээр байгаа саналын дүнг бүх намууд дахин тоолъё гэдэг дээр санал нэгдсэн. Мөн хүчинтэй гэдгээр нь хоёр тийш хувааж, тоолно гэсэн хуулийн заалт байгаа. Гэсэн ч үүний дараа хууль зөрчсөн журам гаргасан юм бэ?
СЕХ-ны дарга Н.Лувсанжав:
-Хүчингүй болсон хуудас зэргийг тойргийн хороо шийдвэрлэнэ. Гараар тоолох саналыг олон нэр дэвшигчид, нам эвсэлээс ирүүлж байсан. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн дүн гарснаас хойш дахин гараар тоолох асуудал зохицуулагдаагүй байна. Өвөрхайнгайгаас бусад тойрог дээр гарсан асуудлын дагуу шүүхийн шийдвэр гараагүй. Харин Өвөрхайнгай аймагт нэр дэвшигчдийн талаар шүүхэд гомдол гаргасны дагуу шалгаж, хууль зөрчсөн нь тогтоогдсон. Энэ шийдвэрийг тойргийн хороо нь шийдвэрлэнэ. Сонгуулийн ерөнхий хороо гар аргаар санал тоолоход машины дүн зөрсөн асуудал гараагүй. СЕХ сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэх асуудал хуулийн хүрээнд шийдэгдэнэ.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг:
-СЕХ долдугаар сарын 4-ний өдөр хуралдаад хэрэг, зөрчил үүсч, тодорхой баримтаар тогтоогдож байгаа. Өвөрхангай, Увс, Орхон аймгийн тооллогыг Ерөнхийлөгчид өргөн барихгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл маргааш нь энэ байр суурь өөрчлөгдөж, нэрсийг өргөн барьсан байна. Увс аймгийн МАН-аас нэр дэвшигчид мөнгө тарааж, байр түрээслэх нэрээр бэлэн мөнгө ав гэж иргэдэд хэлсэн байсан нь баримтаар нотлогдсон. Хууль хяналтын байгууллага ажиллаагүй. Үүнд СЕХ ямар арга хэмжээ авах вэ?
СЕХ-ны дарга Н.Лувсанжав:
-Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгах талаар манайхаас нэг шийдвэр гарсан. СЕХ энэ шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд хамтын зарчмаар гаргасан. Албан ёсны шийдвэрийнхээ дагуу бид ажилласан. Асуудлыг хэлэлцэх явцад гарсан яриаг шийдвэр гэж үзэхгүй. Увс аймгийн хувьд хуулийн байгууллага хэлэлцэж байна. Нэр дэвшигчдийн үнэмлэх олгохгүй байх хуульд заасан нөхцөл үүсээгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа тодорхой үр дагавар нь хуулийн дагуу шийдэгдэнэ.
МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд гарсан СЕХ-ны тогтоол тодорхой заалтуудтай зөрчилдөж байна. Тойргийн хороод үнэхээр шударга ажилласан. Тойргийн хороод нь ирц нь хүрэхгүй байна гэх юм. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид ийм асуудал гаргаж байна. Ажил хийхгүй байгаа хүмүүсийг солих хэрэгтэй. Үүн дээр СЕХ юу хийв. Хууль гэж байгаа бол Өвөрхангайн хоёр хүн тангараг өргөх ёстой гэж үзэж байна. Хууль шүүхийн үйл ажиллагаанд хэн ч оролцох эрхгүй. Гэтэл энд ашиг сонирхолын зөрчилтэй асуудлууд харагдаж байна. Хэд хэдэн тойрогт гараар тоолох хүсэлтийг гаргасан. Үүнийг СЕХ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэж болох зүйл. Энэ бүхнийг яагаад анхаарахгүй байна вэ?
СЕХ-ны дарга Н.Лувсанжав:
-Хуульд сонгогч саналаа тэмдэглэх журамд зааснаас өөрөөр саналаа өгсөн бол тухайн саналыг хүчингүйд тооцно гэсэн заалт бий. Мөн баталгаажуулаагүй саналын хуудсыг хүчингүй гэж тооцно. Хуульд эдгээр саналыг багцалж гаргана гэсэн байгаа. Автомат машин хүчинтэй хуудсуудыг уншина. нэр дэвшигч, нам эвсэлүүдээс тавьсан гараар тоолох хүсэлт нь хуулийн үндэслэл байгүй.
МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-СЕХ биш даргатай нь бүх зөрчил, асуудлыг ярих хэрэгтэй. Гишүүдийн тавьсан асуултад СЕХ-ны дарга хариулж чадахгүй байна. Цаашид СЕХ болон даргатай нь асуудлыг ярих хэрэгтэй. Би гурван асуултаа татлаа гэсэн юм.
Ардчилсан намын гишүүн Ч.Сайханбилэг:
-Сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчид бэлэн мөнгө тараалтын цоо шинэ технологи бий болгосон. Увс аймгийн бараг айл бүрийг сонгуулийн штаб болгож, 100 мянган төгрөг өгөе гэсэн. Гэтэл СЕХ шүүх тодорхой хэмжээний шийдвэр гаргасан гэлээ. Долоо хоногийн дотор хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гаргана гэдэг их хэцүү асуудал. Шинэ анхдугаар чуулганаа хийж нөгөө хүмүүс нь энэ танхимд сууж байна. Хууль амьдрал дээр ингэж хэрэгжвэл сайн хууль гаргаад хэрэг алга. Энэ асуудалд СЕХ шуурхай хандсангүй. СЕХ УИХ-д ямар хариулт өгөх вэ
СЕХ-ны дарга Н.Лувсанжав:
-СЕХ тодорхой асуудалд шүүх шийдвэрээ гаргасан л бол түүнийг нь хүндэтгэнэ гэсэн байр суурийг бид барьж ажилласан. Шүүх сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх талаар хуульд тодорхой алхам хийх хэрэгтэй. Бид хууль хэлэлцэж байх үед энэ асуудлыг оруулсан. Гэхдээ дэмжигдээгүй. Харин шинэ УИХ энэ асуудалд анхаарал хандуулах байх.
Сонгуулийн сурталчилгаа, хууль зөрчсөн асуудлууд нэлээд маргааныг дэгдээсэн. Гэвч СЕХ хуулийн дагуу ажиллана гэдгээ тайбарласан юм.
Үүний дараа УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөж, УИХ-ын гишүүний үүрэгт ажилдаа орж, тангарагийн хуудсанд гарын үсэг зурав. УИХ-ын гишүүд тангараг өргөсний дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэдорж 2012-2016 онд төр удирдах парламентийн гишүүд болон зочид төлөөлөгчдөд хандаж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхэн хуулийг чандлан баримталж ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэхээ баталж төр түмэндээ тангарагаа өргөлөө. Манай ард түмэн, сонгогч бүр УИХ-ын энэ бүрэлдэхүүн, гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байгаа. Юуны өмнө хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байгаа. Энэ ажлыг УИХ-ын гишүүд өөрөөсөө эхлэнэ гэж харж байгаа. Шударга ёс бол хэлснээр хэрэгждэг зүйл биш. Хуулийн тэгш хэрэгжилт, шийдвэр, гүйцэтгэлээр хэмжигддэг нийтийн үнэт баялаг юм. Та бүхэн Монголын төрд хэцүү ажил хийх гэж ирсэн. Улс орон, ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохоо ч өөрдөө илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч иргэдээ, тэдний эрх ашгийг, захиа даалгаврыг хормын төдий ч мартахгүй ажиллаж чадна гэдэгт би итгэж байна. Монголын түүхт төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэе. Ёс журамтай, хариуцлагатай өндөр дээд албандаа төр түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг баримтлан ажиллах их үйлсэд тань амжилт хүслээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл чуулганы анхдугаар хуралдааныг даргалж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Эдгээр 69 гишүүний бүрэн эрхийг УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанд оролцсон 69 гишүүн 100 хувь зөвшөөрч, гар өргөн баталснаар тэдний бүрэн эрх баталгаажсан. УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг удирдсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, Монгол төрийн дээд эрх мэдэл УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд шилжиж байна гээд, та бидний хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанаас улс орны амьдрал шалтгаална. Энэхүү нэр төртэй үйлсийг хариуцлагатайгаар биелүүлж ажиллана сануулснаар анхдугаар чуулган өндөрлөлөө.
Тангараг өргөөгүй үлдсэн долоон гишүүний гурав нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хүлээж байгаа юм. Учир нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс намын жагсаалтаар нэр дэвшигч гурван гишүүнийг СЕХ-оос нэр дэвшигчийг бүртгэх хуулийн дагуу хассан. Харин эдгээр гурван гишүүн нь Үндсэн хуулийн Цэцэд сонгогдох, сонгох эрхийг хааж байна гэсэн үндэслэлээр хандаад байгаа юм. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс нэр дэвшигч гурван гишүүн тангараг өргөөгүй юм. Харин нийслэлийн хоёр тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болох бөгөөд Үндэсний их баяр наадмын дараа санал хураалтыг зохион байгуулахаар СЕХ шийдвэрлэсэн юм. Мөн Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж, түр үнэмлэхээ авсан хоёр нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор архи, эд бараа тараасан гэсэн гомдлын дагуу шүүх шийдвэрлэж, сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас түр түдгэлзүүлээд байгаа юм. Хууль зөрчсөн хоёр нэр дэвшигчийн асуудлыг тойргийн хороо нь шийдвэрлэх юм байна.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)