“Иргэн төвтэй ардчиллыг бий болгоно”

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

“Иргэн төвтэй ардчиллыг бий болгоно”

"Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д өнгөрсөн баасан гаригт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ төвлөрлийг сааруулах, орон нутагт төсөв, санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх, үүнийгээ иргэдийн оролцоотой шийдвэрлэх талаар өөрийн байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын дагуу УИХ Монгол Улсын төсвийн харилцаанд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулан 2011 онд "Төсвийн тухай" хуулийг шинэчлэн баталсан билээ. Уг хуульд Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн шат бүрт хөгжлийн сантай байх, хөгжлийн санд улсын төсвөөс хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ гэх мэт цөөн хэдэн үзүүлэлтийг харгалзан загварчилсан шилжүүлгээр хөрөнгө олгож байх, хөгжлийн сангийн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулахыг тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд олонхиороо шийдэж байх тогтолцоо руу орох гэж байгаа юм. Ийнхүү төсөв батлах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог хангасан бөгөөд шинэ төсвийн орчинд иргэдийг татан оролцуулахад "Төсвийн тухай" Монгол Улсын хуулийг дагасан стандарт бичиг баримт, үлгэрчилсэн дүрэм, журмууд зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн эдгээр дүрэм, журмыг хэрхэн хэрэглэх талаар иргэдэд ойлголт өгөх, таниулах шаардлага зүй ёсоор урган гарч, энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд "Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр" боловсруулж байна.

Төр захиргааны байгууллагуудад хэт төвлөрсөөр байгаа эдийн засаг, нийгэм-улс төрийн аливаа шийдвэр гаргах давуу эрхийг иргэд, иргэний нийгэмд шилжүүлэх буюу иргэд нь өөрсдийн оршин суугаа газрын төсвөө хамтран баталж. харьяа баг, хороо, сум, дүүрэг, хотын захиргааны орон тооноос эхлээд засаг даргаа ч өөрсдөө шийдэн сонгож, оршин суугаа баг, хорооныхоо хөгжлийн асуудлыг хамтран төлөвлөж, хариуцлагаа өөрсдөө үүрч сурах нь шууд ардчиллын мөн чанар юм. Энэхүү "Иргэн төвтэй ардчилал" буюу шууд ардчиллын зарчмыг төлөөллийн ардчилалтай хослуулж чадсан цагт л аливаа улс орон жинхэнэ ардчилсан улс болж чаддаг гэдгийг оролцогчид онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон шууд ардчиллын шинэ соёлыг Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд хэвшүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан "Иргэний оролцоог дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийг батлан гаргахаар "Иргэний танхим"-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж иргэдийн оролцооны дүрэм, журам, энэ чиглэлээр хийж буй ажлууд, ойрын болон хэтийн төлвийн талаар дэлгэрэнгүй үг хэлэв. Хэлэлцүүлэгт үндсэн илтгэлийг "Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийн агуулга" сэдвээр танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь "Эрх зүйн салбарт хийх шинэчлэл", "Иргэний оролцооны боловсрол" гэсэн харилцан шүтэлцээ бүхий үндсэн хоёр чиглэлтэй ба дотор нь богино, дунд, урт хугацааны дэд хөтөлбөрүүд болгон хэрэгжүүлэх юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид олон гарсан санал гаргаж, тэдгээрийг судалж хөтөлбөрт тусган эцэслэн батлуулахаар боллоо. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гишүүд, шинээр сонгогдсон нийслэлийн ИТХ-ын гишүүдийн төлөөлөл, гадаадын ба олон улсын байгууллагын ажилтнууд, иргэдийн ба иргэний нийгмийн байгууллагын хүмүүс оролцсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж