Чөлөөтийн тамирчдыг дэлхийн жишгээр бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн тамирчдыг дэлхийн жишгээр бэлтгэнэ

Жилээс жилд чанаржиж, чансаажиж буй Монголын тамирчдын амжилтад эергээр нөлөөлөх нэгэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Мон­голын спортын түүхэнд алдар, амжилтын арвин хуудастай чөлөөтийнхөн дэлхийн жишигт нийцсэн, зургаан дэвжээ бүхий бэлтгэлийн төвийн нээлтийг өнгөрөгч баасан гаригт хийсэн юм. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд байрлах Олимпийн бэлтгэлийн төв нь олон улсын стандартад нийцсэн, тамирчид бэлтгэл хангах, сэргэлт авах бүхий л шаардлагыг бүрэн гүйцэт хангах боломжтой гэнэ.

“Найрамдал” төвд олимпийн бэлтгэлдээ гараад буй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдаас гадна МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй хол­бооны удирдлагууд, мөн БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарын албаны хүмүүс Олимпийн бэлтгэлийн төвийн нээлтийн ёслолд оролцож, тамирчин хүний амжилтын үндэс болсон бэлтгэлийг бүрэн хангах шинэ төвийн өрхийг татаж, үүдийг сөхөв.

Олимпийн бэлтгэл төвийг байгуулах ажилд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Хасу-Мегаватт”, “Шарын гол” компаниуд голлох үүрэг гүйцэтгэж, санхүүгийн асуудалд тусалжээ. Мон­гол­чуудын олимпийн түүхэн амжилтыг эхлүүлж, 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас дөрвөн медаль хүртэж асан чөлөөтийн тамирчдын амжилт, алдрын буухиаг үргэлжлүүлэхэд энэ бэлтгэлийн төв чухал үүрэгтэй гэдгийг нээлтийн ёслолд оролцсон хүмүүс дор бүрнээ онцолж байсан юм.

Лондонгийн олимп монгол­­чуудын хувьд ихээхэн онцлогтой. Олимпийн хоёр аварга төрүүлсэн Бээжин хот Монголтой нэг цагийн бүсэд оршдог нь ихээхэн давуу тал болсон бол Лондон хот бүтэн долоон цагийн зөрүүтэй, дээр нь нам дор газарт оршдог, агаарын чийгшилт өндөр гээд ялгаатай зүйл олон байгаа тул Бээжин дэх амжилтаа давтахын тулд тамирчдаас хоёр дахин их хүч чадал, нөөц бололцоо шаардах нь гарцаагүй. Тиймээс ч чөлөөтийн тамир­чид наймдугаар сарын 1-нд  хилийн дээс алхаж, цаг агаарын нөхцөл байдлын хувьд Лондонтой төстэй Болгарт очиж, бэлтгэлээ үргэлжлүүлэх юм. Улмаар наймдугаар сарын 6-нд Лондонд очих ажээ. Олимпийн хөтөлбөр ёсоор чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин сугалаа 7-ны өдөр болох ажээ.

Дашрамд дуулгахад, 120 кг-ын жинд барилдах ОУХМ Ж.Чулуунбатын бэлтгэлийг хангах зорилгоор МЧБХ-ны удирдлагууд Болгараас олимпийн зэрэглэлийн хоёр тамирчныг эх орондоо урьж, авчирчээ. Бояжиев Божидар нь Пловдив хотын “Локомитив” клубын тамирчин, улсынхаа шигшээ багт хичээллэдэг, улсын 11 удаагийн аварга, олимпийн наадам, ДАШТ-д оролцож шагналт байрт шалгарч байсан, 1996 оны Европын аварга цолтой бол Кумчев Димитр нь Асеновград хотын “Асеновец” бөхийн клубын тамирчин, улсын найман удаагийн аварга, Европын аваргын хүрэл медальт тамирчин ажээ. Тэд зургадугаар сарын 25-нд Монголд ирсэн бөгөөд нэг сарын хугацаанд байж, Ж.Чулуунбатын бэлтгэлийг хангаад нутаг буцах юм байна. МЧБХ-ны зүгээс 120 кг-ын жинд ач холбогдол өгч, ихээхэн найдлага тавьж буйгаа дуулгасан. Харин тус жинд өрсөлдөх Ж.Чулуунбатын тухайд партнёр, бэлтгэл хангагч байхгүй тул холбооны зүгээс Европ төдийгүй дэлхийд бөхийн хөгжлөөр тэргүүлэх Болгар улсаас олимпийн зэрэглэлийн хоёр тамирчинг нутагтаа урьж, авчраад байгаа нь энэ юм.

“Лондон-2012” олимпийн наадамд чөлөөтийнхөн 32 жил тасраад буй олимпийн амжилтыг сэргээж, гурван медаль хүртэнэ, ингэхдээ олимпийн аваргатай болох зорилго тавьжээ. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж буй тэд монголчуудын омогшлыг бадраах энэхүү хүсэл зорилгоо давуулан биелүүлэхийг ерөөе.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж