С.Батцэцэгийг сонгосон ч О.Насанбурмааг хамт авч явна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

С.Батцэцэгийг сонгосон ч О.Насанбурмааг хамт авч явна

Лондонгийн зуны олимпийн наадам эхлэхэд гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд буй цаг мөчид Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпийн наадамд зодоглох тамирчдаа албан ёсоор сонгон, баталжээ. 12 дахь олимпдоо оролцохоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулан буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчид чөлөөтийнхнийг эс тооцвол эцсийн байдлаар тодроод байсан юм. Харин МЧБХ-ны удирдлагууд пүрэв гаригийн орой хуралдаж, олимпийн багаа баталснаар “Лондон-2012”-т эх орноо төлөөлөх Монголын баг бүтэн боллоо.

Монголчуудын олимпийн түүхэнд арвин намтартай чөлөөтийнхөн “Лондон-2012” наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд тамирчдаа сойх эрх авсан. Тодруулбал, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/ нар, харин эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай зодоглосноор Лондонг зорих эрхээ авсан билээ. Гэхдээ Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны дүрмийн дагуу аливаа тамирчны авсан эрх улсад нь хамаатай, тодруулбал, тамирчинд буюу улсад нь өгсөн эрх гэж ойлгож болох юм. Тиймээс тухайн жинд ямар тамирчнаа олимпийн дэвжээнд сойхыг улс нь шийдэх учиртай. Ингээд FILA-гийн дүрэмд олимпод оролцох улс орнууд багийн мэдүүлгээ долдугаар сарын 9-ний дотор ирүүлэх ёстой гэсний дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага хуралдаж, асуудлаа цэгцэлжээ.

Ингэхдээ ерөнхийд нь 2011 оны ДАШТ болон бусад эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчдыг тухайн жинд нь илгээхээр сонгосон байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпод явуулахаар болжээ. Монголын чөлөөтийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй болсон тэрбээр 2010 оны ДАШТ-д 59 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга цол хүртэж байсан юм. Гэхдээ олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн 59 кг-ын жин багтдаггүй тул С.Батцэцэг жин өгсч, 63 кг-ын жинд зодоглох болж байгаа юм.

Эртнээс хүлээлт болоод байсан 63 кг-ын жинд эх орноо төлөөлөх тамирчныг сонгох асуудалд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл санал хурааж, эцсийн шийдээ гаргасан гэнэ. О.Насанбурмаа, С.Батцэцэг нарын чухам хэнийг нь олимпийн дэвжээнд гаргахыг шийдэхээр санал хураахад Удирдах зөвлөлийн гишүүдийн санал тав, таваар тэнцжээ. Ингээд холбооны ерөнхийлөгч Л.Чинбат эцсийн шийдийг гаргаж, Гавьяат тамирчин С.Батцэцэгт хүнд бөгөөд хариуцлагатай даалгаврыг үүрүүлэхээр болсон байна.

Хэдийгээр олимпийн дэвжээнд гарах тамирчнаар С.Батцэцэгийг сонгосон ч О.Насанбурмаа Лондонгийн олимпод хамт явах тухай МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар хэлсэн. Эмэгтэй тамирчдын тухайд сарын тэмдгийн мөчлөг гэж чухал асуудал байдаг. Мөчлөг нь таарвал бие организм болоод сэтгэл зүйн хувьд үзүүлэлт бүтэн 50 хувиар буурдаг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл бий тул хувь хүнээс шалтгаалахгүй нөхцөл болдог тухай тэрбээр хэлж байлаа.

Лондонгийн олимпийг зорих чөлөөт бөхийн багт дээрх тамирчдаас гадна албаны хүмүүс, багийн эмч, олимпийн наадмын тэмцээнийг дэнслэх шүүгч болоод дасгалжуулагчид багтсан байгаа. “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат явах бол холбооны генсек Г.Бат-Эрдэнэ багаа ахлах гэнэ. Түүнчлэн МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, Х.Бат-Эрдэнэ нар олимпийн багт багтжээ.

Дасгалжуулагчдын тухайд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар олимпийн дэвжээнд тамирчдаа бэлтгэх юм. 

Түүнчлэн Олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр ажиллах бол багийн эмчээр БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, илээч М.Саранцацрал нар Лондонг зорихоор болсон байна.

“Лондон-2012”-т зодоглох Монголын чөлөөт бөхийн тамирчид:

Эрэгтэй:
55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: ОУХМ О.Үйтүмэн
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат

Эмэгтэй:
48 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: ОУХМ С.Бямбацэрэн
63 кг: Гавьяат тамирчин С.Батцэцэг
72 кг: Гавьяат тамирчин О.Бурмаа

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж