Хүүхэд хулгайлсан дарангуйлагчдыг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд хулгайлсан дарангуйлагчдыг шийтгэв

Аргентины шүүх  1976-1983 онуудад эрх барьсан цэргийн хунтын явуулсан “Бохир дайны” хэргийн шүүх хурал 16 жил үргэлжилсний эцэст дууслаа. Шүүх хурлаас Аргентиныг 1976-1981 онуудад удирдаж байсан Виделад 50 жил, 1982-1983 онуудад “ерөнхийлөгч” гэгдэж байсан Биньонед 30 жилийн хорих ял оноожээ.

Дарангуйлагчид асан Хорхе Рафаэль Видела ба Рейнальдо Биньоне хоёр улс төрийн хоригдол эмэгтэйчүүдийн дөнгөж төрсөн хүүхдүүдийг булаан хулгайлсан хэргийн гэм буруутнаар тогтоожээ. Нялх хүүхдүүдийг армийн офицерүүдийн гэрт өргүүлэн харин тэдний эхчүүдийг хөнөөж байжээ.

Аргентины дарангуйлагч асан одоо нас нь ная гарсан Хорхе Рафаэль Видела, Рейнальдо Биньоне нар хүний эрхийг хоморголон зөрчсөн, нэн ялангуяа улс төрийн хоригдол эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийг булаан хулгайлах даалгавар өгч байсныг тогтоон ийнхүү яллажээ.

Видела ба түүний цэргийн хунтынхан тэдний тоонд Биньоне нар 1976 оны хавар Исабель Пероны Засгийн газрыг унагаж, өөрсдийн өрсөлдөгч нараас дор хаяж 13 мянган хүнийг хөнөөжээ. Тиймээс энэ явдлыг “Бохир дайн” гэж нэрлэжээ. Сүүлийн жилүүдэд Комодоро-Пи хотын шүүх Тэнгисийн цэргийн механикийн дээд сургуулийн (ESMA) дэргэдэх болон “Посо де Банфильд”, “Ла Кача” ба Кампо-де-Майо цэргийн бааз дахь дэглэмийн нууц шоронгуудаас 34 нялх хүүхэд хулгайлсан юм. Энэ хэргийг шүүх ажиллагаа нь цэргийн хунтын гэмт хэргийг авч хэлэлцсэн 16 жилийн ажиллагааны үр дүн болж байна. Шүүх хуралдааны явцад хэдэн зуун цагийн турш гэрч нарыг сонссон байна.

Экс-дарангуйлагч өөрийн гэм буруутайг хүлээн зөв­шөөрөлгүй өөрийгөө улс төрийн хоригдол гэлээ.  Тэрээр “Эхчүүдээс хүүхдүүдийг нь булааж байсан нь ямар нэгэн төлөвлөгөөний дагуух ажил биш. Шоронгийн ажилтнууд нөхцөл байдлаас үүдэн түүнийг хийж байсан” гэв. “Эх гэдгийнх нь хувьд миний хүндэтгэх тэдгээр эмэгтэйчүүд дайчид байсан ба террорын машинд идэвхтэй үйлчлэгчид” хэмээн Видела мэдэгдсэн байв. Нууц коммунист байгууллагууд, перонист Засгийн газрын ивээн тэтгэж байсан “контрос” нарын  мөргөлдөөнд автаад байсан  улс орондоо тогтвортой байдал тогтооно гэсэн нэрийн дор засгийг авсан Виделагийн хэлснээр баривчлагдсан жирэмсэн эмэг­тэйчүүдийн ихэнх нь “өөрсдийн төрөөгүй хүүх­дийг амьд бамбай болгон ашиглаж байсан” гэнэ.

“Шинэ төрсөн хүүхдүүдийг булаан авч байсан нь цэргийн зүтгэлтнүүдийн  хэргээ хүлээх хүслээ гаргах  гэмт хэргүүдийн сүүлчийнх нь. Тэд нацистууд шиг аймшигт хэргийг үйлдсэн ч хэзээ ч түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаагүй” хэмээн энэ хэргийн гэрч Buenos Aires Herald сонины эрхлэгч асан сэтгүүлч Роберт Кокс ярьж байна.

“Бохир” гэх дайны үеэр улс төрийн хоригд­луудын шоронд 500 орчим хүүхэд төржээ.  Тэднийг эхээс нь салгаад армийн офицерүүдийн гэр бүлд үрчлүүлж байсан гэнэ. Одоо тэдний 106 нь ДНК-ийн шинжилгээгээр өөрийн жинхэнэ төрөл гарлаа тогтоолгоод байна. Сураггүй болсон жирэмсэн бүсгүйчүүдийн эх нарыг хамтран байгуулсан “Тавдугаар сарын талбайн эмээ нар” байгууллага тэдэнд шинжилгээ хийлгэхэд нь тусалж байна.

Хүүхдийг нь салган авсны дараа эмэгтэйчүүдийг ил далайд онгоцноос хаях зэргээр олон аргаар хөнөө­сөн  гэж шүүх үзлээ. Аргентины ESMA болон бусад шоронгуудад төрөх газартай байжээ. Шүүх тогтоос­ноор хүүхдүүдийг хулгайлсны г гэрчлэх бүх баримтуудыг хунтын гишүүний нэг байсан Биньонегийн тушаалаар устгасан байв. Өмнөд Америкийн олон орныг дарангуйлагч дэглэм дайрсан ч улс төрийн эсрэг талынхнаа  ийм байдлаар мөрдөн мөш­­гөж, дарамталсан нь зөвхөн Аргентины дэглэм юм.

Сүүлчийн дарангуйлагч нарыг шүүх ажиллагаа багт наадмын уур амьсгалтай боллоо. Шүүхийн өмнөх талбайд асар том дэлгэц байрлуулан шүүх ажиллагааг дамжуулж байв. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн уриалгаар ирсэн рок одод концерт тогложээ. Цугларсан олон шүүхийн шийдвэрийг баяр баясгалантайгаар хүлээн авцгаав.

“Нялх хүүхдүүдийг булаан хулгайлсан нь дарангуйлагчдийн хийсэн хамгийн муухай хэрэг юм. Миний зүрхэнд хар нүх байгаа. Би түүнийг хайр ивээлээр дүүргэх ёстой” хэмээн хулгайлагдсан хүүхдүүдийн нэг 35 настай Франсиско Мадариаго Куинтелагийн хэлснийг AFP агентлаг дамжуулав. Тэрээр өөрийн гаралаа дөнгөж хоёр жилийн өмнө мэджээ. Түүнийг өсгөсөн Кампо-де-Майо шоронгийн ажилтан Виктор Галлод 15, түүний эхнэр Сусана Коломбод 5 жилийн ял оноожээ. Хүүхдүүд нь тэднийх биш байсан ч амин сүнс минь байлаа гэж хэлсэн Коломбогийн үгэнд шүүгчид уяарсангүй.

Энэ гэмт хэргийг гүйцэтгэгч нарын нэг бөгөөд дэглэмийн үеэр ESMA шоронг толгойлж байсан Бар хочтой Хорхе Акостад 15 жилийн ял оноожээ. Акоста өнгөрсөн онд бүх насаар хоригдох ялыг өршөөлийн хууль цуцлагдсанаас хойш найман жил өнгөрч байхад авсан юм. Ингэхлээр өнгөрсөн пүрэв гаригт ял сонссон хүмүүсийн олонх нь анх удаагаа шийтгэл авч байгаа нь энэ биш.

Засгийн эрх 1983 онд ардчилсан Засгийн газарт ирсний дараа цэргийн хунтын удирдагч нарын хэргийг шүүх кампани эхэлний гол зорилго нь Виделаг шүүх явдал байлаа. Түүнийг 1985 онд  бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Үүнээс таван жилийн дараа ерөнхийлөгч Карлос Манемын үндэсний эвлэрэл зарлан өршөөлийн хууль гаргаснаар Видела суллагдсан байв. Мөн коммунист нууц байгуулагуудын удирдагч нар ч чөлөөлөгдсөн юм.

Гэвч засагт 2003 онд Нестор Киршнер  гарч ирснээр (одоо түүний бэлбэсэн эхнэр Кристина Фернандес Киршнер ерөнхийлөгч болсон юм) Өршөөлийн хуулийг Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн цуцалсан бөгөөд прокурор тэр үеийн амьд үлдсэн зүтгэлтнүүдийг шалган байцааж эхэлжээ. Видела 2010 оны долдугаар сард шүүгдэж эхлэхдээ өөрийн гэм бурууг хүлээсэн байв. “Дотоодын дайны үеэр би цэргийн дээд дарга байсны хувьд  хариуцлага хүлээнэ. Миний тушаал дор байсан хүмүүс  миний тушаалаар ажилласан” гэж тэр хэлсэн байв. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сард  түүнийг улс төрийн 31 хоригдлыг хөнөөсөн хэргийн буруутан гээд бүх насаар нь хорихоор шүүх ял оноосон билээ.

1980-1990-ээд онуудад Биньоне хэд хэдэн удаа баривчлагдаж байсан ч анхных болох 25 жилээр хоригдох  ялыг тэр зөвхөн 2010 оны дөрөвдүгээр сард авчээ. Түүнийг 56 тэрслүү үзэлтэнг  хулгайлан, тамлан байцааж хороосон хэрэгт бутуун гэж шүүх үзсэн юм. Жилийн дараа түүнийг хүмүүнлэгийн эсрэг гэм буруутан гээд дахин бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ. Мөн тэр жилийнхээ арванхоёрдугаар сард нэгэн эмнэлгийг тамлан байцаах төв болгох тушаал өгсөн учраас дахин 15 жилийн ял авсан байна.

Эдний хамт ESMA  шоронд эх баригч эмч байсан Хорхе Луис Маньякко (15 жил), Вашингтонд Аргентины тэнгисийн цэргийн атташе Антонио Ваньек (40 жил),  Кампо-де-Майо шоронд хоригдлуудаас мэдээлэл цуглуулах албатай байсан армийн генерал Сантьяго Риверос (20 жил), Акостагийн тушаалаар хоригдлуудыг тамлан байцааж байсан Эргийн хамгаалах албаны ажилтан Хуан Антонио Асик (14 жил) нарыг шийтгэжээ. Шүүх яагаад ийм ял оноохоор болсон үндэслэлийг есдүгээр сарын 17-ноос өмнө зарлана гэж шүүх хуралдааны дарга Мария дель Кармен Рокета мэдэгджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж