Циркгүй циркчид алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Циркгүй циркчид алтан медаль хүртлээ

“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээ дөнгөж сая хүлээн авлаа. Уг наадамд олон улсын циркчид шилдэг гэсэн үзүүлбэрээ толилуулжээ. Наадмын гран-при шагналыг Москвагийн утсан дээр явдаг баавгайтай үзүүлбэр хүртсэн бол Монголын циркчид агаарт газар дээрх уран нугаралтын үзүүлбэрээр алтан медалийн эзэд болсон байна. Харин мөнгөн медалийг Какакстан, Узбекистаны циркчид, хүрэл медалийг Киргизстаны циркийн жүжигчид тус тус хүртсэн тухай мэдээллийг “Circus Mongolia Khadgaa” циркийн захирал Ч.Хатанбаатар өгсөн юм.

Тус циркийнхэн Астана хотын циркт “Eco Asia” наадмын бэлтгэлээ базаажээ. Уран нугаралтын үзүүлбэрээр хэдийнээс ялгардаг байсан монголчууд энэ удаад ч мөн агаарт болон газарт хосолсон үзүүлбэрээр алтан медаль хүртсэн байна. Үзүүлбэрийг тус циркийн найруулагч Ч.Хатанбаатар найруулж, нугараач Ж.Цэрэндулам, А.Энхгэрэл нар толилуулсан юм. Харин тэдний дасгалжуулагчаар Т.Буд ажиллажээ. 

Сонирхуулахад, “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард Монакогийн вант улсын Монте Карло хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын циркчдийн 36 дугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “хүрэл алиалагч” цом хүртсэн юм. Тэд энэ сарын 11-нд буюу наадмын өглөө эх орондоо ирэх ажээ.


Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж