Л.Пүрэвдорж арилжааны банкуудыг алах уу, аврах уу

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж арилжааны банкуудыг алах уу, аврах уу

Эдийн засгийн салбарт “Банкны өдрүүд” үргэлжилж байна. Монголбанк  мөнгөний бодлогын хүүгээ нэмлээ. Нэг, эсвэл арван нэгжээр нэмэх нь сонин биш.  Мөнгөний бодлогыг ха­тууруулж эхэлс­ний дохио л энэ. Бизнесийнхэн  болохоор “Энэ бол эдийн засгаа царцаах ар­га хэм­жээ”  гэж дуу нэг­тэй тайл­бар­ладаг. Мөн дэлхийн банкны санаачилсан “Банкны бүтцийг өөрчлөх, дахин хөрөнгөжүүлэх” төслийг Засгийн газар хэлэлцэнэ. Уг төсөвт “Улсын нэгдсэн болон орон нутгийн төсөв, Засгийн газар орон нутгийн сангуудын дансыг банкинд байршуулах журмыг Засгийн газар, Монголбанктай зөвшилцөн 2010 онд баталж мөрдүүлнэ” гэсэн байгаа. Энэ нь дээрх сангуудын дансыг журамлаагүйгээс болж төлбөрийн чадвар султай банкууд ил, далд өндөр хүү, харамжаар банкиндаа татаж зах зээлийг эвдэх мэтийн сөрөг нөлөөлөл гардаг гэж уг төсөлд тайлбарлажээ. Энэ тухай  арилжааны банкуудын аль ч эх сурвалжаас лавлахад үүнтэй санал нийлдэггүй.

Харин ч Монголбанкны боловс­руулсан журам зарим банкны монополь байдлыг дэмжинэ, сонголт хийх аргагүй болгоно гэж эсэргүүцдэг юм.  Түүнчлэн банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн банкны салбар тогтворжиж эхлэнгүүт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэжээ. Уг ажлын хүрээнд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн, боловсронгуй болгож УИХ-д өргөн барина гэсэн байна. Монгол Улсын хуулиар УИХ-д  хуулийн төсөл өргөн барих субъект нь дээрх төслийг санаачлагчид мөн үү. Тэгээд ч сүүлийн жилүүдэд харьцангуй  тогтвортой ажиллаж байгаа банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх ажлыг нэг жилийн дотор хийж гүйцэтгэхээр улайран яаравчлах болсон нь сэжигтэй. Ийм л түүхий төсөл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эхний даваагаа давах гэж байна.

БОДЛОГЫГ НЬ АВААД БОЛОВСРУУЛАГЧИЙГ НЬ ГЭЭСНИЙ ГЭМ

Мөнгөний бодлого гэхээр тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн зүтгүүлэн томилуулсан А.Батсүх гэдэг нөхөр санаанд ордог юм.  Тэрбээр мөнгөний бодлогын чиглэлээр АНУ-д доктор хамгаалс­наараа мөн л анхдагч байсан учраас төрийн мөнгөний бодлогыг ном журмын дагуу хийгээд үзье гэ­сэн­дээ түүнийг томилсон  байх. А.Батсүхийн удирдлагаар Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл” номыг жил бүр хэвлүүлж, төр засгийн удирдлагууд, олон нийтэд хүргэх болсон. Өмнө нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 10 гаруй хуудас цаас орж ирдэг, түүнийгээ он сарыг  нь хэдэн тоо баримтын хамт өөрчлөөд л жил жилийн мөнгөний бодлогыг тэрлэж орхидог байсныг эдийн засагчид батладаг.  
Монголбанк мөнгөний бод­логын хатуу бодлогыг “эсэргүү” А.Батсүхтэй хамт аваад хаячих шиг болсон нь ердөө хоёр жилийн өмнөхөн билээ.  Эсэргүү гэхийн учир нь тэр нөхөр “Амбицгүй албан хаагч далавчгүй шувуутай адил” гэдгийг мэддэггүй, улстөрчдийн найраанд ордоггүй хөлдүү нөхөр байсан шиг байгаа юм. Өөрийг нь  Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд тавьсан Ц.Нямдоржид хүртэл ганц удаа баярлалаа гэж цайлж  дайлаагүй, баяртай ч гээд гар бариагүй.  Улс төрийн хүрээнийхний шивнэлдээнээр л лав шинээр банк байгуулах эрх авах гэхэд нь өгдөггүй, гэр орондоо урихаар нь очдоггүй. Хамт олондоо бол байр, машин өгөх, баяр ёслолоор бэлэг солилцохоос эхлээд олон сайхан зүйлд нь хориг тавьснаас болж ад үздэг байсан гэдэг. Тагнуулынхан хөөцөлдөөд ч илрүүлж чадахгүй байсан “Анод”-ын хэргийг мэргэжлийн багийн ур чадвараар илрүүлсэн ч тус банкийг сэхээх арга замыг нь улстөрчид ойлгож дэмжээгүй юм гэдэг. Мөн арилжааны банкууд хүүгээ ашиг олохоор хэт хөөцөлдөж чанаргүй зээлийн хэмжээ ихэсч, өөрийн нөөц хуримтлалгүй болчихоод байгааг анхаарч арга хэмжээ авсныхаа төлөө “эдийн засгийн дай­сан” гэгдэж байв. Ингээд Мон­­­голбанкны ерөнхийлөгчөөр ажил­лах хугацаандаа мөнгөний хатуу бодлоготойгоо хамт төрийн ал­бан хаагчийн хатуу бодлого барьж ажилласныхаа хариуд Монголбанкны түүхэнд огцрох өргөдлөө өөрөө өгсөн анхны хүнээр тодорч байлаа.  Түүнийг явахад салбарынх нь нэгэн томоохон төлөөлөл “Одоо Монголбанкны ерөнхийлөгчөөр Долоон буудлын Должин эмгэн томилогдсон ч инфляци өсөхгүй” гэж хэлж байсан юм. Үр дүн нь хожим харагдана гэдгийг мэргэжлийн нүдээр хараад хэлсэн нь тэр биз. А.Батсүхийн эхлүүлсэн ажлуудыг дараагийн ерөнхийлөгч    ч өөрчилчихсөнгүй. Цоо шинийг ч хийсэнгүй. Мөнгөний хатуу бодлого л буруу байж дээ гэтэл үгүй бололтой. Инфляци асар хурдтай өсч буй энэ үед хатууруулахаас өөр арга байсангүй.

МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГЫН МӨН ЧАНАР

Макро эдийн засгийн заг­варуудын таамаглал, тодорхой бус байдлыг тооцсон шинжилгээнд суурилж Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлан үндсэн чиглэлийн төсөлд инфляцийн түвшинг  найман хувийн голчтой байхаар тусгасан. Гэтэл дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатарт оны эхнээс 11.4 хувь, жилийн 8.4 хувьтай байна. Энэ нөхцөлд бодлогын хүүгээ аажмаар шат дараатай нэмэгдүүлж инфляцийг  тогтвортой байлгаж нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалах, санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь Төрийн мөнгөний бодлого, түүнийг хэрэгжүүлэгч Монголбанкны үүрэг юм. Дэлхийн бусад оронд инфляци өсөх магадлалтай үед урьдчилж ямар арга хэмжээ авдаг вэ, түүнийг л Монголбанк хэрэгжүүлж байгаа нь энэ. Гэхдээ цаг алдалгүй арга хэмжээ авч чадсан уу, үр дүнгээ өгөх үү гэдэг нь 11-24 сарын дараа мэдэгддэг гээд бодохоор үнийн өсөлтөөс эдийн засгаа хамгаална гэдэг өргөс авахтай адилгүй ажээ. Тэр тусмаа банкны салбарт өвчлөлийн шинж тэмдэг илрэхэд эмчилгээ хийж эхэлснээс хойш таван сар үргэлжилсний дараа илаарших эсэх нь мэдэгддэг. Аль ч орны Төв банкны шийдвэр гарснаас хойшхи эхний 3-4 сард байдал сайжрах эсэх нь таах аргагүй байдаг гэнэ.
Мөнгөний бодлогын хүүг зөөл­рүүлснээр зээлийн хүү мөн ялгаагүй буурсан. Эдийн засгийн тэлэлтийг тэтгэж, бизнесийнхэнд таалагдах энэ үр дүнг чухалчлан цаашид улам зөөлрүүлэх бодлого баримталж байсан Л.Пүрэвдорж тэргүүтний замд ийнхүү саад гарч ирлээ. Гэхдээ эхний саадыг давж, арга хэмжээ авсан нь сайн хэрэг. Харин цаашид олон нийтийн өмнө “Инфляци өсөх гэж байна” гэж зарлахгүйгээр өсөлтөөс сэргийлэх мөнгөний бодлогоо зөв онилж үйл ажиллагаагаа явуулбал банкны салбар тэгтлээ нураад уначихаагүй  л  байнасанж.
Монголын банкирууд, тэр тусмаа Монголбанкны мэргэжилтнүүдийн  дунд ажилдаа гологдохуйц мэргэжлийн ур чадвар дорой хүнийг нэрлэхэд бэрх. Харин төрдөө үнэнч албаа хаах уу, улстөрчдөд таалагдаж ажиллах уу гэдгийн хувьд асуудал өөр. Энэ бяцхан алдаан дээр гадныхан дөрөөлж, бид танай банкны салбарыг төвхнүүлээд өгье хэмээн даапаалах, даврахад хүрч байна. Монголын банкны салбар муудаад байгаа мэтээр дэлхий дахинд зарлаад “аврах баг” ирүүлээд байгаа нь цаанаа аюул дагуулахыг үгүйсгэхгүй.

У.Оргилмаа
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж