Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүх хуралдаад Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Гэвч сайд Ц.Нямдорж нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.
Ц.Нямдорж заргаа дахин алджээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын маргааны асуудлаар Нийслэлийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Хан-Уул дүүргийн шүүхээс гаргасан анхан шатны шийдвэрийг хэвээр баталжээ.
Г.ДАРЬ