Габриэль Гарсиа Маркез солио өвчин тусчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Габриэль Гарсиа Маркез солио өвчин тусчээ

Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркез солио өвчин тусчээ. Нэрт зохиолчийн дүү Жейми Гарсиа Маркез Картагена хотод оюутнуудад лекц уншиж байхдаа өдгөө 85 нас зооглож буй ах нь түүнээс утсаар нэг ижил асуултыг байнга асуудаг болсон тухай ярьсан аж. Жейми “Тэр ой санамжаа алдсан. Түүнийг үгүй болж буйг хараад би уйлдаг болсон” гэж тэрбээр ярьсан байна. “100 жилийн ганцаардал” роман нь зууны хамгийн шилдэг бүтээлээр шалгарч байсан зохиолч Габриэль Гарсиа Маркез зохиолоо бичихээ хэдийнэ больжээ. Дүүгийнх нь хэлж буйгаар их зохиолчийн бие харьцангуй сайн байгаа боловч ой ухаан нь орж гардаг болсон ажээ. Гэвч Габриэль Маркез урьдын адил хошин шогийн мэдрэмжтэй хэвээрээ гэнэ.

1967 онд бичсэн “100 жилийн ганцаардал” зохиол нь өтөлж, зөнөсөн өвөг эцгээ асран халамжилдаггүй нэгэн гэр бүлийн түүхээр эхэлдэг. Жеймигийн хэлснээр түүний удмынхан бүгд ухаан нь орж гардаг солио өвчин туссан гэнэ. Сүүлийн хэдэн жилд Габриэль Гарсиа Маркезийн тухай огт сонсогдоогүй бөгөөд тэрбээр одоо Мексикт амьдарч байгаа юм байна. Түүний “100 жилийн ганцаардал” зохиол нь дэлхийн 30 орны хэлнээ 30 сая ширхгээр хэвлэгдсэн юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж