Их Британийн гүнж Кейт Миддлтоныг Америкийн нэгэн сэтгүүл “фотошоп”-дож орхисон нь англичуудын эгдүүцэл, дургүйцлийг төрүүлээд байгаа гэнэ. Америкийн “The New Republic” хэмээх сэтгүүл Их Британийн ирээдүйн тухай улс төр, урлагийн асуудлыг хөндсөн нийтлэлтэй тусгай дугаартаа Кейт Миддлтоныг хорхой идсэн, шар шүдтэй мэтээр “фотошоп”-дож орхижээ. Учир нь америк маягийн онигоонд англичуудыг дандаа хорхой идсэн, шар шүдтэй гэж баалдаг бөгөөд “Симпсоныхон” хэмээх хүүхэлдэйн кинонд Их Британийн хунтайж Чарльзийг аймаар шүдтэйгээр дүрсэлсэн байдаг аж. Тус сэтгүүлд мөн Кейт Миддлтоныг шүдээ цагааруулахад хэдэн мянган фунт зарсан гэж бичжээ. Францад шүд цагааруулж, цайруулах эмнэлэгтэй нэгэн шүдний эмчийн хэлснээр иймэрхүү үйлчилгээ нь хагас жилээс хоёр жил хүртэл хугацаа шаарддаг бөгөөд үнэ ханш нь 4,000-11,000 фунт стерлингийн үнэтэй байдаг гэнэ.
Н.ЭНХ