Алан хядагчид хоригдлуудыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Алан хядагчид хоригдлуудыг суллажээ

Алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн зэвсэгт  40 этгээд Йемений боомт хот Аден руу нэвтэрч, шоронд дайралт хийхээр төлөвлөж буй талаар тус улсын Дотоод хэргийн сайд нь өчигдөр мэдээлжээ. Алан хядагчид өнгөрсөн долоо хоногийн эхээр Адены зэргэлдээх аль-Тейл мужийн шорон руу дайрч, бүлэглэлийн гишүүдийг оргуулах гэж оролдсон тул Аден хотод хамгаалалтыг чангатгаж, онц байдал зарлаад байгаа гэнэ. Йемений Дотоод хэргийн сайдын мэдээлснээр алан хядагчид өвч зэвсэглэсэн бөгөөд мужийн шорон руу дайрахдаа ойрын тусгалт пуужин харвагч, гранат хэрэглэсэн байна. Гэвч аль-Тейлийн шорон дахь халдлага амжилт олоогүй тул зэргэлдээх Аден хотын шорон руу дайрахаар зэхэж байгаа аж. Харин Йемений тусгай албад алан хядагчдын дайралтад бэлэн буйгаа мэдэгджээ.

Алан хядагчид шорон руу дайрч, онц аюултай хоригдлуудыг суллана гэж мэдэгдсэний дараа өнгөрсөн пүрэв гаригаас хойш тус хот руу нэмэлт хүчний хэдэн зуун цэргийг илгээжээ. Йемений шоронгуудад иймэрхүү халдлага гарч байгаа нь анх удаа биш аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Йемений аль-Ходиеда мужийн хатуу дэглэмтэй, өндөр хамгаалалттай шоронгоос Аль-Кайдагийн 24 алан хядагч оргосон хэрэг гарчээ. Дээрх хэргийн дараа тус улсын Дотоод хэргийн яам Аззан, Шабва зэрэг хотууд дахь засаг захиргааны байрнуудад харуул хамгаалалтыг чангатгажээ. Йеменд өнгөрсөн жил өрнөсөн улс төрийн тогтворгүй байдлыг далимдуулан Аль-Кайда бүлэглэлийнхэн хэд хэдэн хотод хяналтаа тогтоосон ажээ. Йемений шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Абду Мансур Хади Аль-Кайдагийн эсрэг тэмцлийг эрчимжүүлж, өнгөрсөн сард хэдэн арван алан хядагчийг баривчлан хорьсон байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж