Гавьяат жүжигчин Д.Энхзул: -Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэж хуушуураа идэж л баярлана даа. Ер нь Улаанбаатар хотдоо байна. Жил бүрийн наадмаар гэр бүлийнхэнтэйгээ баярладаг. Сайхан байдаг шүү. Харин дараа нь Сэлэнгэ рүү явж ойн баярт нь оролцоно. Уран бүтээлийн хувьд хүү минь цомог гаргах гэж байгаа. Ирэх намраас сонсогчдодоо хүргэнэ. Ирэх оны гуравдугаар сард хүүтэйгээ хамтарч уламжлал ёсоор уран бүтээлийн тайлан тоглолт хийх учир намраас бэлтгэж эхэлнэ.
Дуучин Г.Чинболор:
-Хэнтий аймагт-морь уяж баярлана. Уяач болсон шүү дээ. Наадмын дараа “Миний өнгө” нэртэй шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлнэ. Тун удахгүй сонсогч олонтойгоо шинэ уран бүтээлтэй уулзана даа.
Дуучин Ц.Мөнхсоёл:
-Төв цэнгэлдэхэд морь, бөхөө үзээд хотод байхаар төлөвлөсөн. Наадмын хамгийн сайхан нь морь шүү дээ. Тоос манаруулан давхиад л эхлэхэд өөрийн эрхгүй омогшдог. Энэ жил Хүй долоон худагт очиж соёолонгийн тоосонд наадах төлөвлөгөөтэй. Наадам, цагаан cap гээд Монголын уламжлалт баярууд бүгд л гэр бүлийн баяр байдаг. Хамгийн гол нь энэ өдрүүдэд гэр бүлтэйгээ хамт байх л сайхан. Ирэх намар гэхэд “Арга билиг” нэртэй дан ятгын эгшигт дуулсан арван дуутай шинэ цомог гаргах гээд бэлтгэж байгаа.
Дуучин Д.Хишигбаяр:
-Наадмаар гэр бүл, хамаатнуудтайгаа хорхог хийж иддэг. Бас Төв цэнгэлдэхэд бөх үзэх дуртай. Энэ жил ч гэсэн үзнэ. Одоо бол амарч байна. Ирэх намраас л уран бүтээлийн ажилд орно доо.
Дуучин Д.Намсрайноров:
-Төв аймгийн Өндөрширээт сумын наадамд явна. Аавынхаа хурдан морины уяан дээр очиж сэтгэлээ сэргээнэ дээ. Багаасаа л морь дагаж гүйдэг хүүхэд байсан, одоо ч гэсэн хурдны тоос харахаараа өөрийн эрхгүй баярладаг.
Саяхан гаргасан шинэ цомгийнхоо баярыг аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ер нь наадам өнгөрөөгөөд шууд уран бүтээлийн ажилдаа орно.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин