Дүүргийн хороод амралтын өдрүүдэд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Дүүргийн хороод амралтын өдрүүдэд ажиллана

Сонгууль гээд нэг хэсэгтээ эзгүйрсэн хороод ойрын үед ачаалал ихтэй ажиллах болжээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн X хороо гэхэд ачаалал ихтэйгээс болоод амралтын өдрүүдэд ч үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Тэгээд ч Улсын бүртгэлийн ерөнхий газар нийслэлийн хороодод ажлын өдрүүд төдийгүй бямба, ням гаригуудад ажиллаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг үүрэг болгосон гэнэ.

Ийн хороод ачаалалтай ажиллах болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Үүний нэг жишээ нь халамжийн тухай хуульд шинэчлэгдэж байгаатай холбоотой юм байна. Энэхүү шинэчлэгдсэн хууль нь энэ сарын 1-нээс мөрдөгдөж буй тул оршин суугчид иргэний бүртгэлээс авахуулаад халамж, хүний хөгжил сан гээд төрийн бүхий л үйлчилгээг авах гэж олноороо хороог зорьдог болжээ. Нэг ёсондоо энэ өдрүүдэд дүүргийн хороо бүр хөл ихтэй байгаа гэсэн үг.

Ер нь хороогоор явж асуудлаа шийдвэрлүүлдэг хүмүүсийн дийлэнх хувийг ахмадууд эзэлдэг гэж байсан ч өчигдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн X хороонд бүхий л насныхан үйлчлүүлж харагдсан.

Нөгөөтэйгүүр, зун болохоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд амралт сувиллын газрыг ихэд зорьдог. Тэд хороогоор дамжуулан холбогдох бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд хүссэн сувилалдаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрддэг тул ийнхүү олноороо хороонд хандах болжээ. Халамжийн энэхүү үйлчилгээ нь жилийн турш үргэлжилдэг ч зуны улиралд ачаалал хэт ихэсдэг гэж хорооны ажилтан хэлэв.

Түүнээс гадна хороог зорьж очсон иргэдийн хамгийн ихээр сонирхож буй зүйл нь хувьцааны асуудал аж. Саяхан хүний хөгжил сангийн мөнгийг олгож дууссан бол одоо Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг хэрхэн авах тухай лавлах иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байв. Дашрамд дурдахад, өдгөө хороод Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг хүртэх эрхийг иргэдийн Хүний хөгжил сангийнх нь дэвтэрт тэмдэглэж өгч буй юм байна.

Ер нь хорооны ажилчид хүнд суртал гаргадаг, хэдийд очсон урт дараалалтай байдаг, ажил хийдэггүй, идэвхи санаачилга муутай гэсэн гомдол тасардаггүй. Харин энэ удаад дээрх хороогоор үйлчлүүлж буй иргэд ам сайтай байлаа. Тэгээд ч өдгөө хороо бүр чацарганы мод, жимсний үр тараах, олон нийтийн цэвэрлэгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж буй тул энэ тухай сонирхвол харьяа дүүргийнхээ хороонд хандаж болох нь. Энд нэг зүйлийг тодруулахад, хорооны оршин суугчид олон нийтийн цэвэрлэгээнд идэвх муутай оролцдог тухай хорооны ажилчид учирлав.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж