
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ аюултай болохыг судлаачид тогтоосон байна. Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтдаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг хүүхэдтэй гэр бүл тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тээгч гэнэ. Таваас доош насны хүүхдийн дархлааны систем нь арай бэхжиж чадаагүй байдаг тул эдгээр амьтдаас халдвар авах магдлал нь энэ насны хүүхдүүдэд их байдаг аж. Ялангуяа гүрвэл, яст мэлхий мэтийн амьтад сальмонелл нэртэй бактерийг тээдэг гэж халдварт өвчин судлалын мэргэжилтэн Larry Pickering өгүүлэлдээ тэмдэглэсэн байна.
Сальмонеллезээр халдварласан тохиолдолын 11 хувь нь эдгээр амьтантай шууд харьцсанаас үүдэлтэй аж. Сальмонеллезийн бусад эх үүсвэр нь усан гахай, дэгдээхэй гэж эрдэмтэд тогтоожээ. Зараа ч бас бактер тараадаг бөгөөд үүнээс болоод өндөр халуурах, гэдэс өвдөх, арьс цочрох зэрэг шинж ажиглагддаг байна.
Статистик судалгаанаас үзэхэд 4 сая орчим америк гэр бүл гэртээ дээрх амьтдыг тэжээдэг аж. Энэ нь ерөнхийдөө ихсэх хандлагатай байгаа гэнэ. Тав хүртлэх насны хүүхэдтэй эцэг эхчүүд эдгээр амьтдыг тэжээхээсээ өмнө бодит аюулыг ухаарч, малын эмчтэй зөвлөх хэрэгтэй гэж америкийн тэжээвэр амьтдын өвчин судлалын академийн мэргэжилтэн анхааруулж байна.
Бэлтгэсэн Н. Энх