”Венесуэль улс залуургүй завь мэт далайд хөвж байна”

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

”Венесуэль улс залуургүй завь мэт далайд хөвж байна”

Венесуэльд Ерөнхийлөгчийн сонгууль болоход 100 хүрэхгүй хоног үлджээ. Сөрөг хүчний нэгдсэн эвслээс өнөөгийн Ерөнхийлөгч Уго Чавестай халз тулж байгаа Энрике Каприлес олон нийтийн судалгаагаар өрсөлдөгчтэйгээ эн зэрэгцэж иржээ.

Уго Чавес 12 жил улс орноо удирдаж, эдүгээ эрүүл мэнд нь ихээхэн асуудалтай болсон ч дахин сонгогдохоор эрмэлзэж байна. Сөрөг хүчний нэгдсэн эвслийн томоохон зүтгэлтний нэг, хараат бус депутат Мария Корина Мачадо "АВС"-д ярьж байна.

-Сөрөг хүчний нэгдсэн эвсэл ард иргэдийн бодит бэрхшээлтэй танилцаж тэдний саналыг татах гэж оролдож байна. Танай эвсэл тэдэнд юу санал болгож байгаа юм бэ?

-Уго Чавесийн Засгийн газар нефть зарж асар их ашиг олдог ч ямар ч чадваргүй гэдгээ харуулсан. Тэр бүрэн ноёрхсон нийгэм, хуаран улс, боол улсыг бий болгохыг хүсч байна. Гэвч энэ улс орон нүдээ нээжээ. Венесуэльд хөрөнгө оруулалт, итгэл найдвар хэрэгтэй байна. Сөрөг хүчний нэр дэвшигч Каприлес үүнийг бий болгож чадна. Тэр одоогийн байдлыг даван гарч, Венесуэлийн нэр төрийг сэргээж чадна.

-Санал асуулгаас үзэхэд, Чавес давамгайлсан хэвээр байна. Каприлесийн уриа, дуудлага ард иргэдэд хүрэхгүй байна уу?

-Санал асуулга явуулдаг агентлагууд сөрөг хүчнийг мохоох, тэдний талаар таагүй сэтгэгдэл төрүүлэх гэж л дүнгээ заавраар өөрчилж байна. Тэдний гаргасан дүн шинжилгээ бодит байдлаас маш их зөрүүтэй байдаг. Олон судалгааны агентлаг Засгийн газраас "угжигддаг". Хараат бус Consultorio агентлагаас явуулсан судалгаагаар, Энрике Каприлес, Уго Чавес хоёр эн зэрэгцэж ирсэн байгаа.

-Чавесийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл их зөрүүтэй, яг ямар байгаа нь мэдэгдэхгүй байна. Ямар ч байсан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй болсон нь тодорхой болсон. Тэр дахин сонгогдож ажиллах чадвартай гэж бодож байна уу?

-Чавес 200 өдөр Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгээгүй. Авторитар дэглэмийн үед л ийм зүйл байдаг. Венесуэль улс залуургүй завь мэт даланд хөвж байна. Уго Чавес улс эх орноо удирдах чадваргүй болсон.

-Түүний чадваргүй болсныг баталж, өөрчилж болохгүй байсан гэж үү?

-Эрх баригчид хүссэн зүйлээ л хийж байна. Яагаад гэвэл тэд парламентад олонх, мөн дээд шүүхийг хянаж байна. Гэсэн хэдий ч, аравдугаар сарын 7-ний Ерөнхийлөгчийн сонгуульд Энрике Каприлес ялж, ялалтын баяраа тэмдэглэхэд Чавес гэрч болж байлцахын тулд сонгуульд оролцоосой гэж хүсч байна.

-Энрике Каприлес ялбал түүний Засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх гурван асуудал юу байх бол?

-Нэгдүгээрт, итгэл найдварыг бий болгох ёстой. Тогтвортой байдал, ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт, нөөц баялгийг татах, хууль бусаар хураагдсан үйлдвэр, компаниудад нөхөн төлбөр олгоход хамгийн чухал зүйл бол энэ.

Хоёрдугаарт, хамгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Засгийн газарт авчрах, амьдралын чанарыг сайжруулах.

Гуравдугаарт,
баталгаагүй, эргэлзээтэй байдлыг арилгах. Зэвсэгт бүлгүүд хаагуур холхиж, хаагуур хөдөлж байгааг өнөөгийн Засгийн газар мэддэг ч улс төрийн шалтгааны улмаас араг хэмжээ авдаггүй.

-Танай эвсэл Испанитай ямар харилцааг эрхэмлэх вэ?

-Испани нь Венесуэлийн хувьд Европт гарах цонх тул энэ улстай харилцах харилцаа маш чухал. Энэ амаргүй цаг үед испаничууд бидэн рүү нуруугаа харуулж, орхихгүй гэдэгт итгэж байна. Хэдийгээр Чавесийн Засгийн газар олон жилийн өмнөөс ардчилсан байхаа больсон ч Венесуэль улсыг хүлээн зөвшөөрч, дэмждэг улсууд зөндөө байгаа.

-Каприлес Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал та Засгийн газарт ямар нэг албан тушаал хаших уу?

-Хаана байвал Венесуэлийн ард түмэнд ашигтай, хэрэгтэй байна би тэнд байх болно. Одоо тэр газар бол Энрике Каприлесийн эргэн тойрон. Би тэнд байж сонгуулийн кампанийг нь дэмжиж байна.

Н.МӨНХЖИН

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж