Айрагны үнэ өсч, хонины үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Айрагны үнэ өсч, хонины үнэ буурчээ

Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдээд байна. Малчид аль хэдийнэ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотыг зорьж эхэлсэн. Энэ үеэр нийслэлчүүд шинэ шөл уух гэж хонины эрэлд гарцгаадаг.

Ингээд хонины үнэ ямар байгааг сонирхлоо. Манайхны хэлж заншсанаар "22-ын шалган өнгөрүүлэх товчоо"-нд хөдөө орон нутгаас тууж ирсэн мал цөөнгүй байна. Тэнд малчид өдөр алгасалгүй орж байгаа түр зуурын ширүүн борооноос болж зутруу байгаа харагдав. Одоогоор хонь аль аймгаас ирсэнээс үл хамааран үнийн хувьд 100-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

Тодруулбал, тарган эр хонь 250 мянга, дундаж хонь 170 мянга, төлөг 100 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж байв.

Харин "Эмээлт" зах, Яармагийн дэнж дээр малчид мөн л тарга тэвээргэ сайтай хонио оруулж ирээд худалдаж харагдана. Тэнд төлөг 80-100 мянган төгрөг, шүдлэн хонь 120-130 мянга, хязаалан хонь 130-150 мянган, нас гүйцсэн хонь 160-180 мянган төгрөгийн үнэтэй байв. Гэхдээ хонио бороонд норсон гээд үнэ тохирч буулгаад өгч байгаа гэлээ.

Түүнчлэн нийслэлээс холгүй байрлах Төв аймгийн сумдуудад хонь харьцангүй хямд худалдаалагдаж байгаа аж. Нийслэлээс 50 километрийн зайд орших Алтанбулаг суманд хонь ямар үнээр худалдаалж буйг танилаасаа асуув. Тус сумын малчин Г.Дарамын хэлж буйгаар төлөг 60-70 мянган төгрөг, шүдлэн хонь 90-110 мянга, нас гүйцсэн хонь 120-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Түүний хэлж буйгаар нийслэлийн зарим иргэд үнэ болоод олон хоног хашиж саатуулаагүй, махны шимийг нь бодоод ойрхон сумдуудаас наадмын шөлний хонио худалдан авдаг болжээ. Нөгөөтэйгүүр, монголчуудын хувьд наадмыг айраггүйгээр төсөөлөх аргагүй юм. Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрууд айраг худалдаалах иргэдэд тусгай зөвшөөрөл олгож буй юм байна. Өнөө жил ариун цэврийн шаардлагаас хамаарч цөөхөн хүн, аж ахуйн нэгжид энэ эрхийг олгох гэнэ. Уг зөвшөөрлийг авч, айраг худалдаалж буй манайхны сайн мэдэх Урт цагааны талбайд баригдсан хоёр асраар орлоо. Тэнд нэг литр айргийг 4000 төгрөгөөр худалдаж байв. Харин нэг аяга айраг 2000 төгрөгийн үнэтэй аж. Энэ хоёр асар айргаа ижил үнээр худалдаалж байсан ч нэг нь Өвөрхангай аймгаас нөгөө нь Булган аймгаас айргаа авчирдаг байна. Одоогоор хотын төвөөр айрагны асар цөөхөн байгаа тул айраг үнэтэй байгаа ч үйлчлүүлэгчид тэнд нэлээдгүй харагдав. Тус хоёр асрын нэг нь гэхэд өдөрт 80-200 литр айраг борлуулдаг гэж байлаа.

Өнгөрсөн жилийн хувьд нийслэлд айраг худалдаалдаг гэрүүд хаа сайгүй байрладаг байсан. Тухайн үед үнийн хувьд өнөө жилийг бодвол арай хямд байсан санагдана. Нэг аяга айраг гэхэд 1000, литр нь 2000 төгрөг байсан. Түүнчлэн "Адууны мах, айраг" гэсэн тодотгол хаягтай гэрүүдээр зуны турш нийслэлчүүдэд айргаар үйлчлүүлдэг байсныг санаж буй байх. Гэтэл өнөө жил тэдгээр албан бус худалдааны цэгүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан. Өдгөө айргийг хаа нэгтээ мэр сэр борлуулж, тэр хэрээр өндөр үнэтэй байна.

Л.АЛТАНХИШИГ

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж