
-“Барс” бөөний төвд хэдэн иргэн лангуу түрээсэлдэг вэ?
-Тус төвд жижиглэн худалдааны 154 лангуу, 400-гаад түрээслэгч бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж байна. Нийт 550-иад иргэн үйл ажиллагаа явуулдаг.
-Эдгээр иргэд урд хөршөөс баталгаагүй бүтээгдэхүүн оруулж ирдэг гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас гаргасан байна?
-Мэргэжлийн байгууллагууд ажлаа сайн хийж чадахгүй байгаагаас иргэд буруу ташаа ойлголт аваад байна. Монгол Улсын хилээр БНХАУ-аас жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо оруулж ирлээ гэхэд БНХАУ-аас сертификат авах ёстой. Энэ сертификатыг БНХАУ-ын холбогдох байгууллагууд нь шалгаж зөвшөөрлийг ном дүрмээр нь өгдөг. Дараа нь БНХАУ-ын гааль гэх асар том байгууллагыг давж гарна. Мөн Монгол Улсын хилийн мэргэжлийн хяналт гэсэн томоохон байгууллага ажиллаж байна. Энэ байгууллагын хяналтад шинжилгээнд хамрагдаад, хариу гарсны дараа улсын байцаагч дүгнэлтээ гарган хилээр нэвтрүүлдэг. Өмнө нь хилээр хяналтгүй орж ирэх тохиолдол байсан. Энэ үнэн. Одоо энэ асуудал бүгд цэгцлэгдээд ном журмаараа явж байна гэж би үзэж байгаа. Гэтэл хэн нэгэн албан тушаалтан газар дээр нь очиж үзээгүй байж ингэж ярих нь буруу. Амьдрал дээр хилээр хэрхэн нэвтэрч байгааг бизнес эрхлэгч иргэд, Хилийн мэргэжлийн хяналтын ажилчид бүгд мэдэж байгаа. Би бол хяналтгүй, шалгалтгүй газраар ганзагын наймаачид оруулж ирдэг гэдэг асуудлыг таслан зогсоосон гэж үзэж байна. Ийм зүйл одоо байхгүй. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд. Бид муудсан жимс, ногоо авч ирээд хаана зарах юм. Одоо хүмүүс маш сайн шалгаж авдаг болсон.
-Импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнийг зориулалтын бус нөхцөлд хадгалж байна гэсэн шүү дээ?
-“Барс” бөөний худалдааны төв гэдэг чинь агуулах, зоорь биш. Үүнийг иргэд буруу ойлгоод байна. Шинээр бараа бүтээгдэхүүн ирээд өдөртөө зарагдаад дуусдаг. Их удлаа гэхэд хоёроос гурав л хононо. Хадгалах шаардлага байхгүй. Зарим агуулахад хар тугалгын хэмжээ байх ёстойгоосоо хэтэрсэн гэж байна. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс мэдэх байх.
-Чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хилээр орж ирж байгаа шалтгаан нь юу вэ?
-БНХАУ-ын тариачид ногоогоо хурааж аваад шууд Эрээн хотод нийлүүлдэг. Үүнийг тус хотын компаниуд чанарын шалгалт хийгээд сайныг нь нааш явуулаад саарыг нь хаях ёстой. Гэтэл эдгээр компаниуд бид цаанаасаа хоргодолгүй авдаг. Та нарт ч бас хоргодолгүй өгнө. Авбал ав, үгүй бол боль гэж тулган шаарддаг Үүнээс болж шинжилгээний хариу муу гарах, хөгз, мөөгөнцөртэй жимс орж ирж байна. Ингээд чанаргүй бүтээгдэхүүн авсан иргэд хилээр оруулж ирэлгүй хохирч үлдэх тохиолдол бий. Ялангуяа төмсөн дээр. Манай бизнес эрхлэгчид тухайн компанид нь шаардлагa тавиад ч хүлээн зөвшөөрдөггүй.
-Дотооддоо төмсөөр 100 хувь хангах боломж байхад урд хөршөөс төмс зөөх шаардлага байна уу?
-ХХААХҮЯ-наас төлөөлөгч оролцсонгүй. Уг нь оролцсон бол сайн байсан. Монгол Улсыг төмсөөр 100 хувь хангадаг болсон гэсэн. Үгүй шүү дээ. Үнэхээр тийм бол урд хөршөөс төмс оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй. Өнөөдөр монгол төмсийг 1200 төгрөгөөр худалдаж байна. Тэрийг худалдан авах чадвартай хүн манай улсын хүн амд хэдэн хувийг эзлэх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 500 ажилчинтай барилгын компани байлаа гэхэд 1200 төгрөгөөр төмс аваад ажилчдадаа өгөх асар хүндрэлтэй. Гэтэл хажууд нь урдаас орж ирсэн төмс 480-500 төгрөг. Татвар төлөөд тэр шүү дээ. Харин татвар төлөөгүй, засгийн дэмжлэгтэй, банкны зээлээр олгож буй төмс яагаад ийм үнэтэй байдаг юм. Үүний шалтгаан нь иргэдээ төмсөөр хангаж чадахгүй болохоор үнийг нь нэмээд худалдан авалтыг нь зогсоочихоод байх шиг. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэд авж хэрэглэж чадахгүй шүү дээ. Тэгээд 15.5 хувь байсан гаалийн татварыг 26.5 болгоод нэмсэн. Татвар нэмснээр иргэдийн нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ. Наймаачид бол үнэн дээрээ татвараа нэмээд л бодчихно.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин