Малайзын хуульч, сөрөг Ардчилсан намын дарга, парламентын гишүүн Карпал Сингх тус улсын томоохон улстөрчидтэй холбоотой гэгдэх энэ хэргийн эцсийн шийдвэрийг яаралтай гаргахыг Малайзын Дээд шүүхийн коллегид хандан хүсэлт гаргажээ.
Энэ хэргийн талаар товчхон дурдвал 2006 оны 11 дүгээр сарын есний пүрэв гарагт Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх нутаг дэвсгэрт Монголын иргэн 28 настай Ш.Алтантуяаг толгой руу нь буудаж хөнөөгөөд, цогцсыг нь хоёр ширхэг С-4 тэсрэх бодисоор дэлбэлсэн байжээ.
Хэрэгтнүүд дэлхий нийтийн цэргийн салбарт ашиглагддаг маш хүчтэй тэсрэх бодисоор талийгаачийн цогцсыг үгүй хийхийг хүссэн ч цогцосноос хэлтэрхий яс үлдсэн байсан гэдэг. Тухайн үед энэ хэрэгт Ш.Алтантуяатай дотно харилцаатай байсан Малайзын нэртэй улстөр судлаач, 40 настай Абдул Разак Абдулла Багиндаг сэжигтнээр саатуулсан юм.
Тэрбээр Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэд хамтдаа Африкийн орнуудаар аялж байсан тухайн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн аж.
Гэвч 2009 онд сэжигтэн Р.Багиндаг цагаатгаж, захиалгыг гардан гүйцэтгэсэн гэх цагдаагийн тусгай тасгийн хоёр ажилтанд цаазаар авах ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатанд гомдол гаргаад байгаа аж. Давж заалдах гомдлыг хэлэлцэх хурлын тов ирэх онд тодорхой болох юм байна.