Цагдаагийн газар бүртгэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байх юм. Гэтэл архины үйлдвэрүүдийг цөөлөх тухай эрх мэдэлтэй хүмүүс огтхон ч хөндөж ярьдаггүй нь тун харамсалтай. Саяхан МХЕГ-аас архины үйлдвэрүүдэд шалгалт явуулахад бүгд бүдэрсэн байна. Манай улс жилд 105 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай архи, пивоны үйлдвэртэй. Тодруулбал «Тусгай зөвшөөрөл» бүхий спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 нийт 145 үйлдвэр бүртгэлтэй байдаг аж.
Үүний 68 нь шалгалтад хамрагджээ. Тухайлбал, Төв аймгийн «Зотол уул» компани нь 1.5 кодтой «Согтууруулах ундааны үйлдвэрлэл шалгах хяналтын хуудас»-аар дүгнэхэд 69.4 хувь буюу их эрсдэлтэй гарчээ. Энэ нь үйлдвэрийн байр зориулалтын бус, бохир ус зайлуулах нэгдсэн системд холбогдоогүй, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан тохирлын гэрчилгээгүй.
Дотоодын хяналтын лабораторийн үйл ажиллагаа шаардлага хангахгүй, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгээгүй, борлуулалтын цэг, салбар тодорхойгүй, үйлдвэрээс дээж авах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдлүүд болжээ. Түүгээр ч үл барам «Спирт Бал Бурам» компанийн Улаанбаатар дахь салбар гээд нэр бүхий томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь стандартад заасны дагуу бүтээгдэхүүний орц, найрлагын талаарх мэдээллийг шошгонд бүрэн тусгадаггүй байсан нь илэрчээ.
Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэх «Тусгай зөвшөөрөл» бүхий «Арвайн үндэс», «Морьтон Монгол», «Хүрдтрейд», «Цэсхайрхан», «Түшиг тулга» компаниуд нь байршлаа өөрчилж, өөр газар үйлдвэрлэл явуулсан байжээ. «Мон-Эрдэнэ» компанийн тусгай зөвшөөрөл дээр байршлын хаягийг тодорхой бичээгүй байсан. Хаяг нь тодорхой бус гэдэг нь хувь хүмүүс гэрээр архи найруулдаг гэсэн үг. Үүнээс харахад тэд архиа ямар стандартын дагуу үйлдвэрлэж байгаа нь ойлгомжтой. Эдгээр шаардлага хангахгүй архины үйлдвэрээс бодож бага насны хэчнээн хүүхэд архинд донтсоныг цагдаагийн мэдээллээс харж болно.
Тухайлбал, «Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр «Амгалан» цогцолбор сургуулийн хашаан дотор бага насны хүүхдүүд архидаад байна» гэх мэдээлэл Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд нэгэн иргэнээс иржээ. Ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг очиход «Амгалан цогцолбор» сургуулийн хашаан дотор өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон дөрвөн хүүхэд байсан гэнэ. Тэдний хамгийн бага нь долоон настай, том нь 14-тэй.
Согтуу жаалууд цагдаа нарыг очиход элдэв хараал хэлж, агсам тавьжээ. Мөн том хурандаагийн хүүхэд «Ажлаас чинь халуулна шүү» гэж томорсон байна. Хүүхдүүд цагдаад очсоныхоо дараа «Томчууд байнга уугаад байдаг болохоор нь амсч үзмээр санагдаад нэг шил архи авсан» гэж хэлжээ. Учир мэдэхгүй жаахан хүүхэд архи ууж, агсам тавьж байгаа нь яаж ч бодсон архичдын буруутай нөлөө. Нэг үе 40, 50 настай хижээл насныхан их архи уудаг байлаа. Сүүлдээ 30 хүртэлх насныхан архи хэтрүүлэн хэрэглэгч болж эхэлсэн. Энэ мэтээр залуужсаар одоо долоон настай хүүхэд архи ууж байна.
Орой үдшийн цагаар баар, цэнгээний газар ороход их, дээд сургуулийн оюутнууд болон арван жилийн сургуулийн ахлах ангийнхан согтууруулах ундаа ууцгаасан шиг сууж байгаа харагддаг. Харин эсрэгээрээ, хижээл насныхан архи ууж, согтуурах нь багасч байна. Уг нь Чингис хаан 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж хүрт гэж сургасан байдаг. Энэ чинь амьдрал ахуйгаа цэгцэлсэн хүмүүс хаа нэг хүртэж болно, түүнээс өмнө өөрийнхөө болон улсынхаа төлөө зүтгэ гэж захисан хэрэг.
Гэтэл одоо бол аав, ээжийнхээ зовж байж олсон мөнгийг согтууруулах ундаанд үрэх оюутнууд архийг залгилж уудаг болж гэхэд хилсдэхгүй. «Нэгдүгээр курсдээ дөнгөж амсч байна» гэхийг сонсож байлаа. Нийгэм ийм эмгэнэлтэй байхад архины эсрэг дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байсаар байна. Харин ч оронд архины үйлдвэрүүд шил дараалан нэмэгдэж, онцгой албан татварыг нэмэхээр эсэргүүцэж, дайн зарлах нь холгүй болжээ. Архичид улстөр рүү, эрх мэдэл рүү шунаж, дайрах нь гаарсаар.
Архинд хөлөө алдах оргил үе 1989 оноос эхэлсэн. Энэ үеэс архичдын нас хязгаар алга болсон. Гэтэл өнөөдөр дунд сургуулийн хүүхдүүд эрүүлжүүлэх байранд хонох нь юу ч биш болжээ. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх байранд 257 сурагч хоносон. Сургууль завсардсан насанд хүрээгүй буюу зарим нь тэнэмэл гэсэн тодотголд хамаарах 13 хүүхэд эрүүлжүүлэгдсэн аж.
Ийнхүү архидалт монголчуудын үр удмыг сүйтгэх дээрээ тулсныг Хүүхдийн архидалт мансуурлын эсрэг төвөөс гаргасан судалгааны дүн харуулдаг. 6-11 дүгээр ангийн сурагчдын дунд «Архийг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн үү» гэсэн асуулга явуулжээ. Судалгаанд хамрагдсан Хүүхдүүдийн 45 хувь нь их, бага хэмжээгээр ууж үзсэн гэжээ. Тэд ямар ч зорилгогүйгээр зүгээр л сонирхлын журмаар ууж үзсэн байх юм.
Монголын нийгэмд архины бүхэл бүтэн арми хүмүүжиж байна. Архины үнэ нэмэгдлээ гэхэд архичинд нь тохируулаад спирт найруулаад зарчих хувийн үйлдвэрүүд үй олноороо бий. Үүнийг төр засгаас анхаарах нь бүү хэл өөрсдөө архийг дэмжээд сууж байдаг 76-д хэлэх үг ч алга гэж захын хүн толгой сэгсэрнэ. Ингээд бодохоор монголчууд архиараа орос ах нарын өмнө гишгэж байгаа нь амжилт гэх үү, эз гэх үү.
Эх сурвалж “ӨГЛӨӨНИЙ СОНИН”