Ус цэвэршүүлэх туршилт амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Ус цэвэршүүлэх туршилт амжилттай болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон холбогдох агентлаг, судлаачдаас бүрдсэн шинжээчид бохир ус цэвэршүүлэх шинэ технологийг тавдугаар сарын 20-ноос эхэлж 45 хоногийн дотор туршиж үзжээ. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн уг туршилтыг дүгнэхээр өнөөдөр БОАЖЯ, ЗТБХБЯ, Хотын захиргааны холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа.

Гол цэвэрлэх байгууламж нь бохирдлоо усны эх ундарга руугаа нийлүүлдэг Монгол Улсыг дэлхийн бусад орнууд ихэд шүүмжилдэг билээ. Энэ нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160-200 мянган шоометр бохир ус бүрэн бусаар цэвэрлэгдэн гарч, Туул гол руу нийлдгийг хэлж байгаа хэрэг юм. Энэ байдлыг засахын тулд “нанотехнологи” нэвтрүүлэн, ийнхүү Туул гол руу цутгаж буй бохир усыг цэвэршүүлэх туршилтыг явуулсан юм. Туршилтаас үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир бус Туул голын усны чанарын хэмжээнд ойртсон талаарх эерэг дүн гарчээ. Үүнийг албаныхан, ШУТИС-ийн доктор, профессор Д.Баасандоржийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь экологийн хямрал үүсгэх, усны нөөцийг бохирдуулахын эсрэг тэмцсэн шинжлэх ухааны шийдэл болохыг онцолж байсан.

Энэ нь жилд 73 сая шоометр бохир ус Туул гол руу цутгахыг зогсоосноос гадна энэ хэмжээний усыг голд сэлбэх боломж нээгдэж байгаа гэнэ. Цэвэршүүлсэн усыг зөвхөн голд нийлүүлэх бус, нийслэлчүүдийн ахуйн хэрэглээнд ашиглаж болох гэнэ. Тухайлбал, барилгын ажилд, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд болон, ногоон байгууламж, зам талбайг услах боломжтой ажээ. Тиймээс цэвэрлэх байгууламжтай албаныхан танилцахаар очоод технологийг цаашид ашиглах боломжтой гэж үзлээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж