Цагдаа, хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Цагдаа, хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага  хэрхэн ажиллахаа  хэвлэлийнхэнд тайлагналаа.  Цагдаагийн байгууллага жил бүрийн наадмаар сэтгүүлчидтэй хамтран ажилладаг уламжлалтай. Энэ  дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзан  санал бодлоо солилцсон юм.

Энэ жилийн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас 2799 албан хаагч хэв журам сахиулан ажиллах бол 90 гаруй сэтгүүлч наадамчин олонд мэдээлэл хүргэнэ.   Албаны эх сурвалжийн  мэдээллээр бол цагдаагийн байгууллагаас хамгаалалтад гарч ажиллах албан хаагч нарын бэлтгэл хангагджээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн хамгаалалтыг хэрхэн хийх талаар Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дэлгэрэнгүй танилцууллаа. Жил бүрийн наадамд сурвалжлага хийх сэтгүүлчид тусгай мандат авдаг. Мөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа зөвшөөрлийн дагуу байршуулдаг. Тэгвэл эдгээр зөвшөөрлийг харьяа газруудад борлуулж эхэлжээ. Тухайлбал, “А”,”Б” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ү”-г дүүргүүд дэх Засаг даргын Тамгын газрын үйлдвэр үйлчилгээний хэлтэс, “Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Д” Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд дээр олгож байна.

Энэ жилийн тухайд “А”-650, “Б”-280, “Г”-2800, “Д”-100, “Ү”-800, “Ж”-200, “М” улаан-3000, “М” ногоон-2500 ширхэгийг автомашинд тараахаар төлөвлөсөн байна. Эдгээр зөвшөөрлийн үнэ 10.000-20.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй юм. Мэргэжлийн байгууллагаас баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй болохыг онцгойлон анхааруулж байна.

Дээр  дурьдсан зөвшөөрлийг Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг руу зорчих үедээ ашиглана. Харин наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн тухайд тусгай мандат, хувцасаар хангагдсан байх ёстой . Баяр наадмын үеэр бөхийн сурвалжлага хийх хүсэлт гаргасан 130 орчим байгууллага байгаа аж. Эдгээр нь бүгд ногоон талбайд орох зөвшөөрөл хүсчээ. Харин албаныхан хэлэхдээ “Энэ жил 90 сэтгүүлчийг ногоон талбай руу нэвтрүүлэхээр тооцоолсон” гэлээ.  Түүнчлэн бөхийн барилдааныг шууд дамжуулах долоон телевиз албан ёсны эрхээ авчээ. Хүй долоон худагт хурдан морины сурвалжлага хийх сэтгүүлч нарт тусгай хантааз тарааж өгнө.  Өмнөх жилүүдэд уралдаж буй морьдыг дөрвөн машин дагадаг байсан бол энэ удаад нэгийг нэмж тав болгожээ. Тус машинд телевизийн зураглаачаас гадна сонины фото сурвалжлагч нар суух эрхтэй аж. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр наадам сурвалжлах сэтгүүлчдийг ёс зүйгээ баримтлан хэн хэнийхээ ажлыг хүндэтгэж ажиллахыг хүслээ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж