“Каллиграфи ба яруу найраг” үзэсгэлэнг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

“Каллиграфи ба яруу найраг” үзэсгэлэнг дэлгэв

Соёл, яруу найргийн Академиас зохион байгуулж буй яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “ТАЛ” уран бүтээлийн үзэсгэлэн “Арт Хаус” төвд өчигдөр нээлтээ хийжээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл нь олон талтай бөгөөд үндэсний бичиг соёл, орчин үеийн урлагтай түүний туурвил гүн холбоотой. Г.Мэнд-Ооёо 2006 оноос эхлэн жил бүр каллиграфийн үзэсгэлэнгээ толилуулдаг уламжлалтай болсон бөгөөд 2010 онд зохион байгуулсан “Утгын болох сүм” бие даасан үзэсгэлэн, 2011 онд Д.Баттөмөртэй хамтран зохион байгуулсан “Дэлхий ээж” үзэсгэлэн нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. Мөн түүний “Шүлгийн дундаас зураг тодормуй” хэмээх дорно дахины дуу найргийн эрхэмсэг чанарыг агуулдаг бөгөөд түүний бүтээлүүд байгаль дэлхийтэйгээ найрсан, монгол язгуур өв соёлтойгоо нягт холбоотой байдаг.

Энэ удаа Г.Мэнд-Ооёогийн үзэсгэлэнд Д.Баттөмөрийн орчин үеийн каллиграфийн чиг хандлага, бэхэсийн өнгө аялгууг илэрхийлэхийн хамт зохиогчийн зүрхний хэмнэл бүхий гар бичмэлтэй нь хослон цоо шинэ мэдрэмжийг илэрхийлнэ. Яруу найрагч бээр тал нутагт нүүдэлч айлд төрсөн бөгөөд түүний яруу найраг талын хязгааргүй уудамд нүүж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг. “Тал” үзэсгэлэн “Арт Хаус” төвд долдугаар сарын 16 хүртэл өдөр бүр 10-17,00 цагийн хооронд болох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж