Дэлхийн уул уурхайн салбарт эрдсийн түүхий эдийн
экспортоороо тэргүүлэгч Австрали улс ирэх 10 жилд нүүрс, төмрийн хүдрийн
экспортоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын Эрдэс
баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын /ЭБЭХЭЗГ/ тооцоолж буйгаар, 2025 он
гэхэд Австрали нүүрс, төмрийн хүдрийн экспортоо хоёр дахин нэмэгдүүлэхээр
тооцоолжээ. Тодруулбал 2025 он гэхэд коксжих нүүрсний экспорт 260-306 сая тонн,
эрчим хүчний нүүрснийх 267-383 сая тонн, төмрийн хүдрийнх 885-1082 сая тоннд
хүрэх зорилтыг төлөвлөжээ. Энэхүү эрдсийн экспортыг нэмэгдүүлэх алхам нь Азийн
улс орнуудын эрдсийн өсөн нэмэгдэж буй эрэлттэй уялдаж буй ажээ. Ойрын ирээдүйд
нүүрс, төмрийн хүдэр, байгалийн хийн эрэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэх таамаглал
нь Азийн, тэр дундаа Хятад, Энэтхэгийн зах зээлийн байдлаар баталгаажиж буйг
тус улсын ЭБЭХЭЗГ-ын Гүйцэтгэх захирал Quentin
Grafton мэдэгджээ. Өнгөрсөн арван жилд Австрали улс дэлхийн
эрдсийн зах зээлд томоохон нийлүүлэгчийн байр суурийг эзэлж чадсан юм. Нийлүүлэлтийн
хувьд тус улс дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 34 хувь, эрчим хүчний
нүүрсний 18 хувь, коксжих нүүрсний 58 хувийг эзэлжээ. Тус газрын тооцоолж
буйгаар 2025 он хүртэл дэлхийн төмрийн хүдрийн хэрэглээ жил бүр 4 хувь, эрчим
хүчний нүүрснийх 1.7 хувь, коксжих нүүрснийх жилд 3.6 хувиар нэмэгдэх төлөв
гарчээ. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд Австрали улс дэд бүтцийн салбараа
өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Тийм ч учраас Австрали төмөр зам,
боомтын төслүүдэд хэдэн арван тэрбум долларыг төсөвлөхөөр шийдвэрлээд байгаа
юм.
Харин энэ жилийн байдлаар Австралийн коксжих нүүрсний
экспорт 12 хувиар өсч 149 сая тонн болох урьдчилан тооцоо гарчээ. Ирэх онд энэ
тоо 163 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
2011 оны хоёрдугаар хагасаас энэ оны нэгдүгээр хагасын
хооронд Австрали улс коксжих нүүрсний экспортоосоо 30 тэрбум долларын орлого
олжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Коксжих нүүрсний импортоороо дэлхийд Японы дараа
хоёрдугаарт ордог Хятад улсын хувьд энэ жил 53 сая тонн нүүрс импортлох
төлөвтэй байгаа юм. Дараа жил Хятадын коксжих нүүрсний импорт нэлээд өсч 58 сая
тоннд хүрэх таамаглалыг ч Австралийн ЭБЭХЭЗГ гаргажээ. Хятадаас гадна
Энэтхэгийн коксжих нүүрсний импорт нэмэгдсээр байгаа юм. Энэ жил Энэтхэг улс 34
сая тонн коксжих нүүрс импортлох тооцоотой байгаа бол, ирэх жил 36 сая тонныг
импортлох төлөвтэй байна.
Б.Төгс